Бригам Янгийн Их Сургуулийн Давид М.Кеннедийн нэрэмжит Олон Улс Судлалын Азийн Судалгааны дипломын дараах сургалтын удирдагчаар ажиллаж байсан профессор Пол Хайерын урилгаар Монгол Улсын элчин сайд Гэндэнгийн Нямдоо 1991 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Монгол орон ардчиллын замаар” сэдэвт лекцийг Провад уншжээ.
Элчин сайд энэ айлчлалынхаа үеэр Юта Валли Улсын Коллежийн Олон Улсын Судалгааны Төвийн захирал Малан Р.Жаксонтой биечлэн уулзаж, Юта Валли Улсын Коллежтэй танилцаж, захирлын “Коммунизмаас ардчилалд шилжихэд нь Монгол Улсад ямар туслалцаа хэрэгтэй байна” хэмээх асуултанд “Манай залуу хүмүүсийг боловсролтой болгоход туслаач” гэж хариулж байжээ. Хожим Захирал Малан Р.Жаксон “Орчин үеийн, олон ургальт ертөнцөд Монгол орон мөр зэрэгцэн хөгжих боломжид Юта Валли Улсын Коллеж жинтэй хувь нэмэр оруулсан нь тодорхой юм” хэмээн дурссан байдаг.
Элчин сайд Нямдоо, Тэргүүн Зөвлөлийн урилгаар урьд өдөр нь Сүмийн Захиргааны байранд зочилж Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли, Ерөнхийлөгч Томас С.Монсон болон Ахлагч Нийл Аш Максвелл, Ахлагч Пол Хайер, Хайерын хамтран ажиллагч С.Жигжид нартай уулзалт хийхдээ “Шинэ Монгол бол ардчилсан улс. Иймээс Сүмийн төлөөлөгчдыг баяртай хүлээн авах болно” гэж батлан хэлсэн байна. Ахлагч Пол Хайерд “Элчин сайдын энэ мэдэгдэл үнэхээр ач холбогдолтой юм” хэмээх бодол төрсөн байна .