Бат бөх суурь

Бат бөх суурь

Би 1989 оны 10-р сарын 17-ны өдөр ажлаа тараад гэр рүүгээ машинаараа явж байх үедээ Калифорни мужийн Сан Франциско хот дах Худалдааны болон Бийл гудамжны уулзварын гэрлэн дохио руу ойртож байлаа. Машин доргихыг мэдрэх тэр үед би “За, дугуй л хагарчихлаа даа” гэж бодлоо. Машин үргэлжлэн чичрэхэд би ойрхон байгаа автобусыг анзаарч, “Автобус дөнгөж сая машиныг минь мөргөчихлөө!” гэж бодов. Дараа нь машин улам их савлахад “Дөрвөн дугуй маань бүгдээрээ л хагарчихлаа даа!” гэж бодлоо. Гэтэл энэ нь дугуй ч биш, автобус ч биш, харин хүчтэй газар хөдлөлт байлаа. Намайг гэрлэн дохион дээр зогсоход тус гудамжны засмал зам дээр яг далайн давалгаа шиг давалгаа үүсч байв. Газар хөдлөлт үргэлжлэхэд миний өмнө харагдаж байсан өндөр оффисын барилга хоёр тийшээ ганхаж, зүүн талд нь байсан хуучин барилгаас тоосгонууд унаж эхэллээ.

Лома Приэтагийн газар хөдлөлт тэр өдрийн 17 цаг 04 минутад Сан Францискогийн далайн эргийн бүсэд болсон бөгөөд 12000 орчим хүн гэр оронгүй хоцорсон юм.

Газар хөдлөлт Сан Францискогийн далайн эргийн бүсэд ялангуяа тогтворгүй хөрстэй Сан Франциско, Өүкландад ноцтой гарз хохирол учруулсан юм. Сан Франциско дахь Марина дүүрэг нь “элс, хар шороон хөрстэй, хаягдал болон хөрсний усны түвшин өндөртэй хог булах газар дээр баригдсан байжээ. Хөрс нь зарим газраараа 1906 онд болсон газар хөдлөлтийн улмаас Сан Францискогийн эрэгт асгасан хог хаягдал байлаа.”1

1915 оны үед тухайн хог булах газар дээр нийтийн байрууд баригджээ. 1989 оны газар хөдлөлт нь усаар дүүрсэн лаг шавар, элс, хог нийлээд шингэн төрлийн бөөгнөрлийг үүсгэсэн бөгөөд энэ нь барилгуудыг нурж унахад хүргэсэн байна. Тэдгээр барилгууд бат бөх суурин дээр баригдаагүй байжээ.

Лома Приэтад болсон газар хөдлөлт миний болон бусад олон хүний амьдралд том цохилт болсон юм. Тэр өдөр болсон газар хөдлөлтийн талаар тунгаан бодсоны дүнд амьдралд тохиолдох шуурга, газар хөдлөлт, гамшгуудыг амжилттай тэсч гарахын тулд бид бат бөх суурин дээр үндэс сууриа тавих ёстой юм байна гэдгийг оюун бодол, зүрх сэтгэлдээ баттай ойлгож билээ.

Нифайчуудын бошиглогч Хиламан бат бөх суурь, бүр Есүс Христийн суурин дээр амьдралаа барьж босгохын чухлыг ойлгуулахын тулд: “Мөн эдүгээ, хөвгүүд минь, санагтун, Бурханы Хүү, Христ болох, бидний Гэтэлгэгчийн хадан дээр та нар сууриа тавих ёстойг санагтун; иймээс чөтгөр хүчит салхиа, тийм ээ, хуй салхин дахь дайралтаа илгээхэд, тийм ээ, түүний бүхий л мөндөр мөн хүчит шуурга та нар дээр нүдэхэд, энэ нь та нарыг зовлонгийн хийгээд төгсгөлгүй халаглалын ангал тийш доош чирж дийлэх хүчгүй байх болно, та нар дээр нь босгогдсон, бат бөх суурь дээр, хүмүүн нь үүний дээр баривал унах аргагүй суурь болох хадны учир болой” (Хиламан 5:12) хэмээжээ.

Орчин үеийн ариун сүмийн хөгжилд загвар, барилга угсралт, барилгын материалын чанарт онцгой анхаарал тавьдаг болсон. Ариун сүм баригдах газарт хөрсний болон газар зүйн нарийн судалгаа хийдэг. Тухайн бүсийн цаг агаарын өөрчлөлт, салхи, борооны талаарх судалгааг нарийн тооцдог бөгөөд улмаар баригдаж дууссан ариун сүм нь шуурга, тухайн бүсийн уур амьсгалд төдийгүй гэнэтийн газар хөдлөлт, далайн хуй салхи, үер, бусад учирч болох байгалийн гамшгуудад тэсвэртэй болдог байна. Ихэнх ариун сүмийн суурийг нь бөхлөхийн тулд бетонон эсвэл ган тулгуурыг газарт гүн суулгаж өгдөг.

Өнөө үеийн барилгачид, загвар зохион бүтээгчид шиг хайрт Тэнгэр дэх Эцэг маань Есүс Христийн хамт бидний хэрэгцээнд зориулж төлөвлөгөө, багаж хэрэгсэл, эх сурвалж, нөөц бололцоог бэлдэж өгсөн бөгөөд үүгээр бид амьдралаа бат бөх, хөдлөшгүй болгож чадна. Тэр төлөвлөгөө нь авралын төлөвлөгөө, аз жаргалын агуу төлөвлөгөө юм. Уг төлөвлөгөө нь бидэнд эхлэл ба төгсгөлийн талаарх тодорхой ойлголт, чухал алхмууд мөн Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд бүр Түүний оршихуйд эргэн очиж, мөнхөд Түүнтэй хамт амьдрахад шаардлагатай бүхий л ёслолуудыг зааж өгдөг.

Итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг болон эцсээ хүртэл тэвчих нь амьдралын тойм зургийн нэг хэсэг нь юм. Эдгээр нь Христийн Цагаатгалтай амьдралаа уяж бөхлөх нэн чухал зарчмуудыг бүрдүүлэхэд тусалдаг. Мөн эдгээр зарчмууд нь хүний амьдралыг дэмжих бүтцийг бүрдүүлж өгдөг. Тэгэхээр ариун сүмийн төлөвлөгөөнд хэрхэн чухал хэсгүүдийг бүрдүүлж, нэгтгэх талаар нарийн заавар өгдөг “үзүүлэлтүүд” байдаг шиг, залбирах, судруудаа унших, ариун ёслолоос хүртэх, чухал санваарын ёслолуудыг хүлээн авах зэрэг нь амьдралын бүтцийг нэгтгэж, зангидахад тусалдаг “үзүүлэлтүүд” болдог.

Эдгээр үзүүлэлтийн хэрэгжилтийг тэнцвэржүүлэх нь нэн чухал юм. Жишээ нь: Бетон зуурахад элс, хайрга, цемент, усыг яг нарийн хэмжиж хийснээр хамгийн бат бөх чанартайг хь гаргаж авдаг. Эдгээр орц найрлагын хэмжээг хэтрүүлэх эсвэл буруу хийснээр бетон хэврэг, чухал үүргээ гүйцэтгэх боломжгүй болдог.

Үүнтэй адилаар хэрэв бид өдөр тутмын залбирал, судруудаас суралцах, долоо хоног бүр ариун ёслолоос хүртсэнээр ирдэг хүч, ариун сүмийн ёслолууд гэх мэт санваарын ёслолуудад тогтмол оролцохоо тэнцвэржүүлэхгүй л юм бол сүнслэг байдлын бат бөх чанараа сулруулах эрсдэлд оруулж байгаа хэрэг юм.

Паул, Ефесчүүдэд бичсэн захидалдаа биднийг зан ааш, бодгалиа тэнцвэртэй, нэгдсэн байдлаар хөгжүүлэх шаардлагатай байгааг: “Түүний дотор бүх барилга холбогдон Эзэн доторх ариун сүм болохоор өсөж байна” (Ефес 2:21) хэмээн хэлсэн байдаг.

Залбирал бол бидний итгэл, ааш зангийн хамгийн энгийн бөгөөд чухал суурь зарчмуудын нэг юм. Бид залбирлаар дамжуулан Бурханд хандсан талархал, хайр, үнэнч байдлаа илэрхийлэх боломжтой. Залбирлаар бид өөрсдийн хүслийг Түүний хүсэлд багтааж, хариуд нь Түүний сургаалын дагуу амьдрах хүч чадлыг хүлээн авдаг. Залбирал бол бид өөрсдийн амьдралдаа Түүний нөлөөг эрэлхийлж, илчлэлт хүлээн авахдаа дагаж болох зам мөн.

Алма: “Бүх үйлүүдээ Их Эзэнтэй зөвлөгтүн, мөн тэрээр чамайг сайны төлөө чиглүүлэх болно; тийм ээ, чи үдэш унтахаар хэвтэхдээ, тэрээр нойронд чинь чамайг манаж болохын тулд Их Эзэний төлөө хэвт; мөн өглөө босохдоо зүрх сэтгэл чинь Бурханд хандах талархлаар дүүрэн байг; мөн хэрэв чи эдгээр зүйлийг хийх аваас эцсийн өдөр өргөгдөх болно” ()Aлмa 37:37) гэж заадаг.

Бурхантай чин сэтгэлийн залбирлаар дамжуулан өөрсдийн мэдрэмж, хүсэл, бодол санаагаа хуваалцах нь бидний хүн нэг бүрийн хувьд амьсгалж, хоол унд идэх шиг чухал бөгөөд энэ нь төрөлхийн үйлдэл болох хэрэгтэй.

Өдөр бүр судруудыг судлах нь дээрхийн адил бидний итгэл, зан байдлыг хүчирхэгжүүлдэг. Бидний махан биед шим тэжээл өгөх хоол хүнс хэрэгтэй байдаг шиг, Христийн үгс дээр найрласнаар бидний сүнс, бодгаль дүүргэгдэж, хүчирхэгжих болно хэмээн бошиглогчдын бичээст өгүүлсэн байдаг. Нифай бидэнд “Христийн үгэн дээр найрла, учир нь болгоогтун, Христийн үгс та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно” (2 Нифай 32:3) гэж заажээ.

Хэдийгээр судруудыг унших нь сайн хэрэг ч, дан ганц унших нь Аврагчийн сургаалыг бүрэн дүүрнээр олж авахад хангалтгүй. Судруудад заасны адилаар Христийн үгсийг судалж, тунгаан бодож, амьдралдаа хэрэгжүүлэх нь бидний ойлголтоос хол давсан мэдлэг болон мэргэн ухааныг авчрах болно. Энэ нь бүх зүйлийг хамгийн сайнаараа хийнэ гэсэн бидний амлалтыг хүчирхэгжүүлж, сүнслэг байдлаар хангадаг.

Бид амьдралаа хүчирхэгжүүлж, Аврагчийн сууринд бат бөх бэхлэгдэж үлдэхийн тулд хийх хамгийн чухал алхмуудын нэг нь долоо хоног бүр ариун ёслолоос зохистойгоор хүртэх юм. Ариун ёслол нь сүмийн гишүүн бүрт өөрийн амьдралаа урьдчилан тунгаан бодох боломжийг олгодог. Мөн наманчлах шаардлагатай байж болох, өмнө нь үйлдсэн эсвэл хийх ёстой байсан үйлдлүүдээ боддог. Улмаар Есүс Христийн бие болон цусыг дурсах ариун бэлэгдэл болгож, Түүний Цагаатгалын гэрч болж талх, уснаас хүртдэг. Хэрэв бид ариун ёслолоос чин сэтгэлээсээ, даруухнаар хүртвэл бид үүрдийн гэрээнүүдээ шинэчлэн, нүглээсээ цэвэршигдэн ариусч, Түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгах болно гэсэн амлалтыг хүлээн авдаг. Сүнс нь биднийг ариусгахаас гадна бүх зүйлийг бидэнд сануулж, Есүс Христийг дахин дахин гэрчилдэг бөгөөд бидний барилгын тоосгыг бат бөх тогтоох зуурмаг, холбоос болж өгдөг. Ариун ёслолоос зохистойгоор хүртэх нь суурь хад буюу Есүс Христтэй холбогдох хувийн холбоосыг маань бэхжүүлдэг.

Аврагч Өөрийн тохинууллын үед бидний амьдралыг аварч, зан чанарыг хүчирхэгжүүлэх сургаал, зарчим, шаардлагатай үйлдлүүдийг тодорхойгоор мөн хайраар заасан. Уулан дээрх Номлолын төгсгөлд Тэрээр:

“Тиймийн тул, эдгээр үгсийг минь сонсоод, тэдгээрийг биелүүлэх хэнийг боловч, түүнийг хадан дээр байшингаа барьсан мэргэн хүнтэй би адилтгах болно—

“Мөн бороо орж, бас үер бууж, тэгээд салхи үлээж, мөнхүү байшинг нүдэв; мөн энэ нь унасангүй, учир нь хадан дээр суурилсан байв.

“Мөн эдгээр үгийг минь сонсоод, мөн тэдгээрийг үл биелүүлдэг болгон, элсэн дээр байшингаа барьсан мунхаг хүнтэй адилтгагдах болно—

“Мөн бороо орж, бас үер бууж, тэгээд салхи үлээж, мөнхүү байшинг нүдэв; мөн энэ нь унасан байв, мөн уналт нь агуу байлаа” хэмээн хэлжээ (3 Нифай 14:24–27; мөн Матай 7:24–27 –г үзнэ үү).

Ах эгч нар аа, бидний хэн нь ч мэдсээр байж өөрсдийн орон гэр, ажлын газар, сүсэг бишрэлийн ариун өргөөнүүдийг элс, хогон дээр эсвэл зохих төлөвлөгөө болон шаардлагатай материалуудгүйгээр барьж босгохгүй нь лавтай. Тиймээс Над руу ир гэсэн Аврагчийн урилгыг хүлээн авцгаая. Амьдралаа бат бөх хийгээд аюулгүй суурин дээр барьцгаая.

Есүс Христ болон Түүний Цагаатгал дээр амьдралаа төвлөрүүлж, өдөр тутмын залбирал, судраас судлах, долоо хоног тутам ариун ёслолоос хүртэх зэргийг багтаадаг бидний аз жаргалын төлөөх Түүний төлөвлөгөөг анхааралтайгаар дагах нь биднийг хүчирхэгжүүлэх болно. Бидэнд хувийн өсөлт хөгжил болон үүрдийн хөрвөлт байх болно. Бид амьдралын сорилт, бэрхшээлийг амжилттай давж гарахад илүү сайн бэлтгэгдэх болно. Бид амлагдсан баяр баясал, аз жаргалыг амсаж; мөн амьдрал маань бат бөх суурь буюу хэзээ ч үл нурах суурин дээр баригдсан гэдэг бат итгэлтэйгээр зогсож чадна. Есүс Христийн ариун нэрээр, амен.