Азийн бүсийн удирдагчдын захиас

Азийн бүсийн удирдагчдын захиас

Амьд Бурханд итгэх итгэл

Амьд Бурханд итгэх итгэл
Elder Stanley Wan-01.jpg

Амьд Бурханд итгэх итгэл нь итгэл, дуулгавартай байдал мөн зөв шударга үйлсээр дамжин ирдэг Бурханы бэлэг юм. Зөвхөн ямар нэг зүйлд итгэлтэй байх нь хангалтгүй бөгөөд итгэл нь бидний Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хүү, Есүс Христ дээр төвлөрөх ёстой. Ахлагч Даллин Х. Өүкс “Сайн мэдээний анхдагч зарчим бол ‘итгэл’ биш. Харин сайн мэдээний анхдагч зарчим бол ‘Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл’ юм. Итгэл нь дангаараа оршдоггүй бөгөөд ямар нэг бодит зүйлийг шаарддаг. Итгэл нь мөн ямар нэг зүйлд эсвэл хэн нэгэн хүн дээр суурилах ёстой. Энэ ч утгаараа итгэл нь хайртай адил юм. Хайрлах ямар нэг зүйл байхгүй бол хайр оршиж чадахгүй”1 хэмээн тайлбарлажээ.

Ахлагч Рассэлл М. Нэлсон “Хүүхдүүдээсээ эхэл. Эцэг, эхчүүд та нарт үр хүүхдүүдийнхээ итгэлийг хүчирхэгжүүлэх гол үүрэг хариуцлага оногддог. Та нарт сорилт бэрхшээл тохиолдсон үед ч гэсэн  итгэлээ хүүхдүүддээ харуул. Та бүхэн итгэлээ бидний хайрт Тэнгэрлэг Эцэгт болон Түүний Хайрт Хүү, Их Эзэн Есүс Христ дээр төвлөрүүлэгтүн. Энэхүү итгэлийг гүн гүнзгий итгэл үнэмшилтэйгээр заа. Хайртай хүү эсвэл охиндоо эрхэм ариун зорилго, чадавхтайгаар тэд бол Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн Түүний хүүхэд юм гэдгийг заа. Хүүхэд бүрд даван туулах ёстой бэрхшээл, хөгжүүлэх шаардлагатай итгэл байдаг” гэж заасан билээ.

Дэниэл Рэйд Хэлстэн хүүхэд байхдаа сүмийн бүрэн цагийн номлолд үйлчлэхээр аль эрт шийдсэн байжээ. Тэр Хятадад бүрэн цагийн номлогчоор үйлчлэх хүсэлтэй байгаагаа хэлэх болгонд бусад хүмүүс түүнийг шоолон инээдэг байв. Тэр номлолын насанд хүрч, номлолын өргөдлөө явуулах үедээ энэ мөрөөдлөө мартаагүй байсан юм. Номлолын дуудлага ирсэн ч Хятадад биш байлаа! Хэдийгээр олон хүмүүс түүнийг шоолсон ч энэ нь амьд Бурханд итгэх түүний итгэлд нөлөөлөөгүй юм. Учир нь түүний гэрчлэл ямар нэг зүйлийн үр дүнд суурилагдаагүй байсан юм. Тэрээр номлолын дуудлагыг хүлээн зөвшөөрч, Их Эзэний мутар дахь үр ашигтай зэмсэг байхыг эрмэлздэг байв. Номлолынх нь сүүлийн хэдэн сард би түүний номлолын ерөнхийлөгчөөр дуудагдсан бөгөөд 1997 оны 7-р сарын 1-нд британичууд Хонг Конгийг Хятадад буцааж өгөхөд түүний үйлчилж байсан номлолын нэр Хятадын Хонг Конг номлол болон өөрчлөгдсөн юм!

Ахлагч Норимичи Наканиши Японы Токиогоос ирсэн байлаа. Тэр бол намайг номлолын ерөнхийлөгч байх үед Хятадын Хонг Конг номлолд үйлчилсэн япон номлогч байсан юм. Би түүнтэй хийсэн анхны санваарын хувийн ярилцлагаа хэзээ ч мартахгүй. Тэр хятадаар ч,  англиар ч ярьдаггүй байсан учраас эхэндээ бид хоёр огт ойлголцож чаддаггүй байлаа. Нэг удаа бид хоёр чимээгүй сууж байгаад намайг түүн рүү харахад тэр над руу инээмсэглэж билээ. Тэр өдөр бид хоёр япон хэлний ‘канжи’ цагаан толгой нь хятад ханзтай бараг адилхан болохыг олж мэдсэн бөгөөд ярилцлагаа дохио зангаа ба үзэг, цаасны тусламжтайгаар өндөрлөсөн юм. Өөрт нь хэл, соёлын бэрхшээл тулгарсан ч ахлагч Наканишигийн итгэл зөвхөн өөрийн хүч чадал дээр бус харин амьд Бурхан дээр төвлөрсөн байлаа. Хэдэн сарын дотор тэрээр хятад хэлээр сайн мэдээг чөлөөтэй хуваалцдаг болсон юм. Америк номлогчидтой цуг амьдарснаар түүний англи хэл ч сайжирч эхэлсэн. Хэлний бэрхшээл нь итгэлтэйгээр үйлчлэх түүний хүсэлд саад болж чадаагүй юм. Түүнтэй хийсэн сүүлчийн ярилцлага дээр тэр хятадаар чөлөөтэй ярьж байсан төдийгүй англиар  ч бас сайн ойлгож байлаа. Би түүнд Японд буцаж очоод япон хэлээ дахин сурах хэрэгтэй юм байна даа хэмээн хошигнон хэлж билээ!

Бурхан нүүр тал хардаггүй гэдэгт би маш хүчтэй итгэдэг. Аль орноос ирснээс нь үл хамааран бүх номлогчид үүргээ биелүүлэхийн тулд хэлний бэлгийг хүлээн авах эрхтэй байдаг. Тэд Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлтэй байж; бүх зүрх сэтгэл, хүч чадал, оюун ухаанаараа ажиллах үед Ариун Сүнс тэдэнд хэлний болон бусад бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд мөн сайн мэдээг дэлхийн өнцөг булан бүрд дэлгэрүүлэхэд туслах болно.

Үнэн итгэл нь итгэл, үйлдэл хоёроос бүтдэг. Есүс “Намайг Эзэн минь, Эзэн минь гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно”3 гэж хэлсэн байдаг. Харамсалтай нь зарим хүмүүс зовлон шаналалын гүнд очих хүртлээ Бурханыг санадаггүй. Энэ цаг үеийн хамгийн эмгэнэлтэй зүйлүүдийн нэг бол үнэний бодит байдлыг хардаггүй хүмүүний харалган байдал юм. Амьдрал тайван, хэвийн байх үед Бурханы хайр ба нигүүлслийг мартах нь хэчнээн хялбар байдаг билээ! Тийм боловч олон хүний мэдэх Хуучин Гэрээн дэх Иовын түүх нь хүмүүс өөрт нь үнэнч,  итгэлтэй байгаа үед Бурхан тэднийг хэзээ ч найдваргүй цөхрөл дунд орхидоггүйг бидэнд илчилсэн юм. Сүмд байгаа итгэлтэй гэр бүлүүд агуу бэрхшээлүүдийг хэрхэн даван туулж байгааг харах нь бидний гэрчлэлийг үргэлж хүчирхэгжүүлдэг.

Итгэл гэдэг нь Их Эзэн Есүс Христэд итгэхийг хэлдэг. Ахлагч Даллин Х. Өүкс хүнд өвчнөөр нас барсан нэгэн өсвөр насны охины оршуулган дээр үеэлийнхээ хэлсэн үгээс энэ итгэлийг мэдэрчээ. Тэрээр эхэндээ үеэлийнхээ хэлсэн үгсийг сонсоод ихэд цочирдсон ч удалгүй сүнсээр зааварлагдсан байна. Түүний үеэл “Энэ охины үхэл нь Их Эзэний хүсэл байсныг би мэднэ. Охин сайн эмчилгээ хийлгэсэн байна. Түүнд санваарын адислалууд өгөгджээ.  Түүний нэрийг ариун сүмийн залбиралд оруулсан байсан бөгөөд хэдэн зуун хүн түүний эрүүл мэндийн төлөө залбирсан юм. Хэрэв энэ цаг мөчид Их Эзэн түүнийг буцааж аваагүй бол түүнийг эдгээж чадах хангалттай итгэл энэ гэр бүлд байгаа гэдгийг би мэднэ” хэмээн хэлжээ. Ахлагч Өүкс хорт хавдраар нас барсан бас нэгэн охины аавын үгсээс үүнтэй адил итгэлийг мэдэрсэн юм. Тэр аав “Есүс Христэд итгэх манай гэр бүлийн итгэл аливаа зүйлийн үр дүнгээс хамааралтай байдаггүй”4 гэж хэлжээ.

Өнөөдөр бид Фараоны боолууд биш бөгөөд Мосегийн үед байсан устгагч тэнгэр элчүүд ууган хөвгүүдийг маань ална  гэж айх хэрэггүй юм. Сатаны заль мэх, хүч их болсон өнөө үед бидэнд тулгарч буй сорилт бэрхшээлүүд тэс өөр бөгөөд илүү хүнд юм. Бид үймээн самуунтай цаг үед амьдарч байна. Бид дайнууд болоод дайны сураг чимээ, өлсгөлөн, тахал, газар хөдлөлт, цунами мөн өвчин эмгэг, завхрал түүнчлэн эдийн засгийн хямрал, гэр бүл сөнөх аюул болон өсөн нэмэгдэж буй гэр бүл салалтын тухай сонсдог. Бидэнд санаа зовох агуу их шалтгаан байна. Гэвч бид итгэлээ айдсаар солих хэрэггүй юм. Бид амьд Бурханд итгэх итгэлээ хөгжүүлэх замаар л айдастайгаа тэмцэж чадна!

Зөв шударга байдал ба сайн үйлс нь илүү агуу итгэлийг бий болгодог бол нүгэл ба ёс бус байдал нь итгэлийг үгүй болгодог. Ерөнхийлөгч Бригам Янг “Хэрэв хожмын үеийн гэгээнтнүүд онцгой боломжууддаа тохирохоор амьдарч, Есүс Христийн нэрэнд итгэх итгэлээ ашиглан, өдөр бүр Ариун Сүнстэй хамт амьдарвал тэднийг энэ дэлхий дээр хүсэх үед нь өгөгдөхгүй зүйл гэж байхгүй байх болно. Их Эзэн өөрийн хүмүүст өгөөмрөөр хандаж, тэдний дээр баялгуудыг болон хүндлэл, алдар суу, хүчийг мөн бошиглогчид ба төлөөлөгчдийн амласан бүх л зүйлийг тэдэнд өгөхөөр хүлээж байдаг5 хэмээн хэлсэн байдаг. Мөн тэрээр: “Энэ сүмд харьяалагддаг хүн бүхэн итгэлтэй байх ёстой. Тэд Ариун Сүнсний гэрэл гэгээг хүлээн авахын тулд өөрсдөдөө найдахаас иүүтэйгээр Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээ идэвхтэйгээр ашиглах ёстой.  Тэд үүнийг үл тоомсорловол дэлхийн сүнс тэднийг эзэмдэж, тэд хүйтэн хөндий бөгөөд үр жимсгүй болон доройтсоор харанхуйг болон сүнсний үхлийг амсах болно”6 гэж хэлжээ.

Бид амьд Бурханд итгэх итгэлтэй байгаа үед айх хэрэггүй хэмээн онцгойлон гэрчлэхийг би  хүсч байна! Би Бурхан амьд гэдгийг мэднэ. Есүс Христ хэмээх энэ нэр нь бид бүгдэд аврал авчрах нэр юм. Тэр бол бид Тэнгэрлэг Эцэгтэйгээ дахин хамт амьдрахаар буцаж очих цорын ганц зам мөн. Есүс Христийн нэрээр, амен.