Азийн бүсийн вебийн сургалт боллоо

Азийн бүсийн вебийн сургалт боллоо

Өнгөрсөн 2013 оны 12 сарын 1-3-ны хооронд Хонконгт Азийн бүс болон Солт Лэйкийн медиа хорооны ажилтнууд Монгол, Энэтхэг, Камбуж, Тайвань, Сингапур, Хонконг, Индонез, Тайландын веб админуудын зориулсан 3 өдрийн сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтыг Солт Лэйкээс томилогдсон Билл Буш, Матт Робинсон, Кен Смэйлли нар хариуцан шинээр ашиглалтанд орох гэж буй сүмийн Communication page буюу гишүүд болон гишүүн бус хүмүүстэй харилцах цоо шинэ вебсайттай холбоотойгоор явуулсан юм. Азийн бүсийн Медиа хорооны захирал нь Аллен Андерсен уг сургалтыг тэргүүлсэн бөгөөд түүнийг урьд нь Монголд үйлчилж байсныг Монгол гишүүд мэдэх билээ.

Сүм дэлхийн даяарх бүх улсыг интернет сайттай болгох тал дээр ажиллаж байгаа бөгөөд сүүлийн хэдэн жил үүнийг хэрэгжүүлэхийн тулд нэлээд хэдэн платформыг туршсаны эцэст аюулгүй байдал болон энгийн хялбар байх талаас нь бодолтой шинэ сайттай болж байна.

Энэхүү сургалтын үеэр хуучин сайтуудыг шинэчилж, хөрвүүлэн, шинээр бүх дэлхий даяар ашиглагдах сайтны бүтэц, зохион байгуулалт, технологийн бүх талын сургалтыг хийсэн юм. Ингэснээр Монголчуудын удаан хүлээсэн вебсайт ашиглалтанд ороход бэлэн боллоо. Азийн бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл болон Тэргүүн зөвлөлөөс үүнийг баталгаажуулан вебсайтыг ашиглалтанд оруулахыг зөвшөөрсөн нь хамгийн сайхан мэдээ юм. Ингэснээр 2013 оны 12 сардаа багтаан (12 сарын эхний 2 долоо хоногт багтаан) Монголын сүмийн вебсайтыг ашиглалтанд оруулах үүргийн Солт Лейк дэхь Медиа хороо хүлээн авсан юм.

Монголоос Медиа хорооны захирал С.Цэрэнням уг сургалтанд оролцсон бөгөөд тэрээр давхар веб админы албыг хашиж байгаа. Уг сургалтын үеэр Азийн бүсийн ерөнхийлөгчийн 2-р зөвлөх Ахлагч Ларри Вилсон Азийн бүсийн онлайн дахь цаашдын зорилго, үүний ач холбогдлын талаар мөн оролцсон бүх хүмүүст удирдамж, заавар, үүрэг өглөө.

Ази тивд нийт 3.5 тэрбум хүн буюу дэлхийн хүн амын тал нь амьдардаг. Тэдгээр хүмүүст хүрч сургаалийг тунхаглахад интернэт дэхь үүрэг маш чухал юм. Тиймээс гишүүн бүрийг үүнийг өндөр ач холбогдолтойгоор авч үзэн ашиглахыг уриалж байна. Хэрэв та энэ мэдээг уншиж байгаа бол бидний хүсэн хүлээсэн сайт бэлэн болсон байна аа гэсэн үг. Одоо зөвхөн үүнийг ашиглаж, хэргийг нь гаргах л үлдлээ.