Ерөнхийлөгч Жийн Б.Бингам дэлхийн өнцөг булан бүрд байгаа охид, эмэгтэйчүүдийг өөрсдийн амьдарч буй нийгмийг бэхжүүлэхэд туслахыг уриалав.  

Sister Jean

Дэлхийн хаана ч бай—Удирд, дэмж, хайрла

Ерөнхийлөгч Жийн Б.Бингам дэлхийн өнцөг булан бүрд байгаа охид, эмэгтэйчүүдийг өөрсдийн амьдарч буй нийгмийг бэхжүүлэхэд туслахыг уриалав.

Бид мэдлэгээ бусадтай хуваалцаж, асуудлуудыг шийдвэрлэхэд туслан, Бурханыг болон эргэн тойрныхоо хүмүүсийг хайрлах үедээ энх тайвныг түгээдэг. Бид эв нэгдлийг бий болгодог.

Дэлхийн өнцөг булан бүрд суугаа эрхэм эгч нар аа, энэ бол бидний хувьд ер бусын цаг үе юм. Та нарын олонх нь ажил мэргэжлийнхээ үүргийг гүйцэтгэхийн хажуугаар гэр орондоо хүүхдүүддээ боловсрол олгох зэргээр гэр бүл, үр хүүхдээ дэмжин авч явдаг. Өнгөрсөн жил цар тахлын хязгаарлалт, нөлөөллөөс болоод бүр ч хэцүү жил байлаа. Та нарын зарим нь хайртай хүмүүсээ алдаж, нөгөө хэсэг нь гүн айдас түгшүүр, сэтгэлийн хямралд автан, зарим нь санхүүгийн асуудлуудтай тулгарсан ба эдгээр бүх асуудал бидний бие, сэтгэл зүйд дарамт учруулдаг. Эдгээр хүнд хэцүү сорилтуудыг даван гарч буй та бүхнийг мэхийн хүндэтгэе. 'Энэ ч мөн түр зуурынх' гэсэн перс ардын зүйр үг байдаг. Хэдийгээр одоогийн нөхцөл байдал хэр удаан үргэлжлэхийг бид мэдэхгүй ч энэхүү зүйр үг үнэн гэдгийг мэдэхэд сэтгэл тайвширдаг. Өнгөрсөн жилийн нэг ололттой тал нь түр зогсоод цаг хугацаа, нөөц бололцоогоо хэрхэн зарцуулж байгаагаа болон биднийг одоо байгаа түвшинд маань авчирсан хүсэл тэмүүллээ дахин олж нээх цаг хугацаа гарсан явдал байлаа.

Дуудлагынхаа хүрээнд, би дэлхийн 220 оронд амьдардаг, нийгмийн бүхий л давхаргын төлөөлөл болсон 7,5 сая эмэгтэйг төлөөлөхөөр адислагдсан юм. Энэ дэлхий дээрх охид, эмэгтэйчүүд бүр Бурханы хайртай охин гэдэгт би итгэдэг. Энэхүү итгэл үнэмшил надад өөрсдийн жинхэнэ гарал үүслийг санах үед биднийг дарангуйлдаг олон нөхцөл байдлыг даван гарах найдварыг төрүүлдэг. Сайн сайхны хүчинд итгэх итгэл маань намайг өөдрөгөөр урагшлуулдаг. Гэсэн хэдий ч бидний өмнө хүнд хэцүү сорилтууд тулгарсаар байна. Амжилтад хүрэх, аз жаргалтай болоход тулгарч буй хамгийн том саад бэрхшээлүүдийн нэг бол боловсролгүй байх, ялангуяа унших, бичих чадваргүй байх явдал юм.

Сьерра Леон дахь миний найз Марта Люсени Конголей эцэг эх нь сургалтын төлбөрийг нь төлж чадаагүйн улмаас уншиж, бичиж сурахаасаа өмнө сургуулиа орхихоос аргагүйд хүрсэн юм. Залуухан ээжийн хувьд тэрээр хүүхдүүддээ хоол хүнс худалдаж авахын тулд ямар нэгэн байдлаар мөнгө олох хэрэгтэй гэсэн хатуухан бодит байдалтай тулгарчээ. Хүүхдүүддээ заах болон нийгэмлэгээ удирдахад шаардлагатай ур чадвар эзэмшихэд эмэгтэйчүүдэд туслах зорилготой Сайн мэдээний бичиг үсгийн хөтөлбөрт Марта хамрагдсанаар жижиг бизнес эрхлэх итгэл, ур чадварыг олж авсан юм. Тэрээр найзаасаа мөнгө зээлж, зээлсэн мөнгөөрөө газрын самар худалдаж авав. Худалдаж авсан газрын самраа талбайд тарьж, эцэст нь ургуулсан самраа хурааж, хөршүүддээ зарж борлуулах боломжтой болжээ. Марта ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд дахиад өөр талбайд самар тарихаар төлөвлөж байгаа гэдгийг та бүхэнд дуулгахдаа би баяртай байна. Мөн тэрээр салбарынхаа өсвөр насны охидын зөвлөгчөөр үйлчлэх урилгыг хүлээн авсан.

Мартагийн амьдралд гарсан өөрчлөлтийг харсан охидод түүний үлгэр жишээ урам зориг өгдөг. Энэ шийдэмгий залуу эмэгтэй нийгэмдээ ямар нөлөө үзүүлж байгааг та төсөөлж байна уу? Бид мэдлэгээ бусадтай хуваалцаж, асуудлуудыг шийдвэрлэхэд нь туслан, Бурханыг болон эргэн тойрныхоо хүмүүсийг хайрлах үедээ энх тайвныг түгээдэг. Бид эв нэгдлийг бүтээдэг. “Энэ нь Эцэг Та Миний дотор, Би Таны дотор байгаатай адил, тэд бүгд нэг байхын тулд бөгөөд мөн тэд Бидний дотор байж, Та Намайг илгээсэн гэдэгт ертөнцийг итгүүлэхийн тулд билээ” (Иохан 17:21) хэмээн Цагаатгалыг гүйцэлдүүлэхээсээ өмнө Аврагч биднээс эв нэгдэлтэй байхыг хүссэн. Мөн Тэрээр “Бие биенээ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлагтун гэсэн шинэ тушаалыг Би та нарт өгч байна. Бие биендээ хайртай байваас та нарыг Миний шавь гэдгийг үүгээр чинь бүгд мэдэх болно” (Иохан 13:34-35) хэмээн хайрлахыг захисан. Өөрсдийн амьдрал дахь сорилт бэрхшээлийг шийдвэрлэх гарцыг олохын тулд бид эв нэгдэл, хайраар үйлдэх нь нэн чухал. Мормоны Ном бидэнд “тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулахад, мөн ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч болж зогсохыг” (Мозая 18:9) заадаг. Дэлхийн хэмжээний Сүмд бид бие биенээсээ тусгаар ертөнцөд амьдардаг юм шиг санагдаж болох ч тэнгэрлэг эцэг эхийн охидын хувьд нийгэмдээ үйлчилснээр Сион дахь эгч дүү нартаа өөрсдийн бүрэн чадвар чадамжинд хүрэхэд тусалж чадна. Бид Мормоны усан дээр цугларсан шударга хүмүүс шиг 'нэг нь нэгнийхээ ачааг хөнгөн байж болохын тулд үүрэлцэхэд' бэлэн байж чадна.

Сайн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн хамтын хүч нэгэн цагт хязгаарлагдмал байсан боломжийг цогцлоож чадна гэдгийг би мэднэ. Хамтын хүч нь хамгийн эмзэг, хамгийн үнэ цэнтэй нөөц болох дараагийн үеэ хамгаалж, хүчирхэгжүүлэхээр ажилладаг гэдгийг би мэднэ.

Дэлхийн өнцөг булан бүрд буй эмэгтэйчүүдийн амьдралыг сайжруулах, тэдэнд илүү сайн боломж олгохоор ажиллаж байгаа Сүмд мөн бусад олон хүнд би талархаж байна. Өөрсдийн нийгэмлэг, нийгмийг бэхжүүлэхэд бидэнд тулгардаг сорилт бэрхшээлүүдийг хүлээн зөвшөөрөх амлалтыг дахин өгнө гэдэгт би тун их найдаж байна. Бид дэлхийн хаана ч байсан бай удирдаж, дэмжиж, хайрлах үедээ энх тайван, итгэл найдварыг төрүүлж чадна!