Бүрэн цагийн номлогч

Бүрэн цагийн номлогч

Доорх мэдээлэл бүрэн цагийн номлогчидтой холбоотой. Ерөнхийдөө бүрэн цагийн номлогчид долоо хоногт 32 ба түүнээс дээш цаг, ихэнхдээ гэрээсээ хол үйлчилдэг. Сүмийн үйлчлэлийн номлогчид долоо хоногт 8–38 цаг, ихэвчлэн гэрээсээ үйлчилдэг.


Үндсэн ойлголт

Бэлтгэл
Та Их Эзэнд болон Түүний хүүхдүүдэд үйлчлэхээр амьдралынхаа туршид бэлдсэн. Хүмүүсийг хайрладаг мөн тэдэнд үйлчлэхийг хүсдэг учраас '[та нар] уг ажилд дуудагдсан.'

Их Эзэнд үйлчлэхээр сүнслэг байдлын хувьд бэлдэхийн тулд судрууд болон “Миний сайн мэдээг номло” гарын авлагыг байнга судлаарай. Ингэснээр номлогчийн зорилгоо ойлгож, Их Эзэнд үйлчлэх үедээ Түүний тусламжид итгэх итгэлээ хүчирхэгжүүлэх болно.

Эрүүл мэнд болон материаллаг байдлын хувьд бэлтгэлээ хангахдаа санхүүгийн нөхцөл байдлаа эргэн харж, номлолдоо хэр их мөнгө зарцуулах боломжтойгоо тодорхойлно уу. Гэрээ орхин явахдаа гэр орон, ажил төрөлдөө санаа зовохгүй байхаар зохицуул. Өдөр бүр дасгал хий.

Олон үүрэг даалгавар гүйцэтгэхэд компьютер дээр ажиллах ур чадвартай байх шаардлагатай. Шаардлагатай бол та вэб хөтөч, Microsoft программ хангамж (ялангуяа Word, Excel, Outlook) дээр ажиллах ур чадвар эзэмших эсвэл хөгжүүлэх хэрэгтэй байж болох юм.

Ахмад номлогчид гадаад хэл сурах шаардлагагүй боловч номлолын хэлтэст өөр хэлээр үйлчлэхийг хүсэж байгаа бол тухайн хэлийг шинээр сур эсвэл мартсанаа сэргээ. Гэвч хэлний мэдлэг сайтай байх нь тухайн хэлээр ярьдаг номлолд дуудагдана гэсэн баталгаа болохгүй.


Хүлээлт

Үндсэндээ
ахмад номлогч таныг би бүх цаг зав, анхаарлаа Их Эзэнд үйлчлэхэд зориулахад урамшуулж байна. Ямар ч үүрэгт ажилд хуваарилагдаж болох ч таны дуудлага бүрэн цагийнх бөгөөд цаг заваа үр ашигтай зарцуулах хэрэгтэй гэдгийг санаарай. Алба хэлтэст болон ариун сүмд томилогдсон номлогчдын хувьд оройн цаг, амралтын өдрүүд зэрэг нь шинэ, идэвх султай гишүүдтэй мөн гэр бүлийнхэн нь гишүүн бус гишүүд дээр зочлох гайхалтай боломж юм. Номлолын удирдагчид үндсэн үүрэг даалгавраас тань гадна өөр ажилд туслахыг хүсэж болно.

Сайн мэдээг хуваалцаж буй
ахмад номлогчийн тань хувьд танаас залуу номлогчдын адил номлогчийн ажил хийхийг шаардахгүй. Зарим үүрэгт ажилд сайн мэдээг хуваалцах, идэвх султай гишүүдийг идэвхжүүлэх, аврах, шинэ гишүүдийг Сүмд үлдэхэд нь туслах, ганц бие залуучуудыг хүчирхэгжүүлэх, гадас, тойрог, салбар, алслагдсан газруудад удирдамж заавар өгөх зэрэг нь орно. Мөн үүнд бусдад туслах боломж багтдаг.

Гэхдээ ямар ч үүрэг даалгавар байсан бай, гишүүдтэй болон гишүүн бус хүмүүстэй харилцах боломжтой. Есүс Христийн талаарх гэрчлэлээ бусадтай хуваалцах хамгийн сайн арга замыг олж мэдэхэд Сүнс танд урам зориг өгнө. Номлолын хамгийн мартагдашгүй үйл явдал бол Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг бусдад гэрчлэх явдал юм.

Залуу номлогчидтой адил тогтсон хатуу хуваарийн дагуу, өндөр хурдтай ажиллахыг танаас шаардахгүй. Та өдөр тутмын зорилго, хуваариа өөртөө тааруулан гаргаж, завсарлага авч болно.

Номлолын удирдах газар, зочид хүлээн авах төв, ариун сүм гэх мэт үүрэгт ажлууд өдрийн хуваарьтай байх ёстой. Мөн гишүүд, удирдагчдад үзүүлэх дэмжлэг, цэргийн асуудал, тасралтгүй боловсролын сан гэх мэт үүрэгт ажлуудад өдөр өдөрт нь тохируулан хуваариа гаргаж болно.

Ур чадварууд
Та шаардлагатай ур чадварыг өдөр тутмын амьдрал, ажил, гэр бүл, сүм дэх туршлагаараа дамжуулан олж авсан. Үүнээс гадна НБТ болон номлолын талбар дахь туршлагууд танд сурч боловсрох нэмэлт боломжийг олгох болно. Та мөн үүрэг даалгаварт тань тусгайлан зориулсан сургалтуудыг авах болно.


Нөхцөл, шаардлага

Нас
Хэрэв танд гэрт тань хамт амьдардаг, асаргаа шаардлагатай 18 нас хүрээгүй хүүхэд байдаггүй бол та бүрэн цагийн номлогчоор үйлчлэх тодорхойлолтоо 40 наснаас эхлэн авч болно. Бие бялдрын хувьд ахмад номлогчийн үүрэгт ажлыг гүйцэтгэх боломжтой л бол насны хязгаар гэж байхгүй.

Aжлын байр
Их Эзэнд болон Түүний Сүмд бүрэн цагийн номлогчоор үйлчлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлагатай. Хэрэв та үйлчлэх хугацаандаа ажил хөдөлмөр эрхлэх шаардлагатай бол Сүмийн үйлчлэлийн ахмад номлогч болох талаар бодож үзээрэй.

Эрүүл мэнд
Бүрэн цагийн эрүүл мэндийн номлогчоор үйлчлэхийн тулд та бие бялдар, оюун ухаан, сэтгэл санааны хувьд эрүүл байх ёстой. Томилогдсон үүрэгт ажил болон байршлаас хамааран номлол тань эрүүл мэндийн хувьд нэлээн ачаалалтай, шаардлага өндөртэй байж болох юм. Хэрэв танд өөрийн нөхцөл байдлын талаар тодорхой асуух зүйл байвал орон нутгийн санваарын удирдагчтайгаа ярилцаарай. Онцгой нөхцөл байдлын талаарх мэдээллийг Эрүүл мэндийн тусламж хэсгээс үзнэ үү.

Зохистой байдал
Зохистой бүрэн цагийн номлогчийн хувьд та ариун сүмд хишиг хүртсэн, ариун сүмийн хүчинтэй эрхийн бичигтэй байх ёстой.

Үйлчлэлийн цаг
Та долоо хоногт доод тал нь 32 цаг ажиллах боломжтой байх ёстой. Ихэнх тохиолдолд бүрэн цагийн үйлчлэл нь долоо хоногт 40 ба түүнээс дээш цагаар ажиллахыг шаарддаг.


Хамтрагч

Ахмад номлогчид ихэвчлэн өдрийн турш хамтрагчтайгаа хамт байна. Зарим эмэгтэй ахмад номлогчийн гүйцэтгэх үүрэгт ажилд хамтрагчтай байхыг шаарддаггүй. Зарим номлогчийн ажил (үүрэгт ажлаас хамааран) түр хугацаагаар хамтрагчаасаа салж явахыг зөвшөөрдөг. Гэхдээ шөнө оройн цагаар орхин гарч огт болохгүй. Та хамтрагчаа биеийн хийгээд сүнсний аюулаас хамгаалах үүрэгтэй гэдгээ бүү мартаарай.


Үйлчлэлийн хугацаа

Гэрлэсэн номлогчид: Та 6, 12, 18 эсвэл 23 сарын хугацаатай үйлчлэхээр хүсэлтээ гаргах боломжтой.

Эмэгтэй ахмад номлогчид: Та 12, 18 эсвэл 23 сарын хугацаатай үйлчилж болно.

Хэрэв та 18 сараас бага хугацаагаар, гадаадад үйлчлэхээр болсон бол номлол рүүгаа ирж очих замын зардлаа өөрөө хариуцна.

Номлолын хугацааг сунгах
Та харьяалагддаг Сүмийн удирдагчийнхаа (номлолын болон ариун сүмийн мөн бүсийн ерөнхийлөгч) зөвшөөрлөөр номлолоо 23 сар хүртэл сунгаж болно.


Хувцаслалт ба гадаад үзэмж

Ахмад номлогчдын хувцаслалт, гадаад үзэмжийн талаарх удирдамж залуу номлогчдынхтой адилхан байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Номлогчийн хувцаслалт ба гадаад үзэмж хуудаснаас үзнэ үү.

Соёл, цаг уурын ялгаанаас шалтгаалан хувцаслалтын талаарх удирдамж номлол бүрд харилцан адилгүй. Та өөрийн томилогдсон газраас хамаарч зөвшөөрөгдсөн ажлын хувцас өмсөж болно. Тодорхой үүрэгт ажил гүйцэтгэхэд өмсөх хувцасны жагсаалтыг дуудлагын дугтуйд хийсэн байгаа.

Номлогчид сахлаа хусаж, цэвэр цэмцгэр байх ёстой. Хэрэв эрүүл мэндийн шалтгаанаар энэхүү дүрмийг дагах боломжгүй бол гадасны ерөнхийлөгчтэйгөө ярилцана уу.


Номлогчийн маягтыг бөглөж, илгээх журам

Үндсэн ойлголт

Өргөдлийн маягтыг хэзээ бөглөх вэ?
Бишоптойгоо ярилцаж, бүрэн цагийн номлогчоор үйлчлэх хүсэлтэй байгаагаа хэл. Бишоп тань номлогчийн тодорхойлолтыг цахимаар бэлтгэж эхэлнэ. Тодорхойлох маягтын бүх талбарыг бөглөснийхөө дараа эрүүл мэндийн болон шүдний үзлэгийн хариутай (гэрээсээ үйлчилж байгаа номлогчдод шаардлагагүй) хамт бишоп руу илгээнэ. Бишоп үүнийг шалгаж, гадасны ерөнхийлөгч рүү илгээдэг.

Гадаснаас тантай холбоо барьж, ярилцах огноо, цагийг товлоно. Бишопын болон гадасны ерөнхийлөгчийн ярилцлагын дараа гадасны ерөнхийлөгч Сүмийн удирдах газар луу номлогчийн үйлчлэлд нэр дэвшүүлж байгаа захидлыг цахимаар илгээх замаар үйл явц цааш үргэлжилнэ. АНУ, Канадаас бусад оронд гадасны ерөнхийлөгч нэр дэвшүүлэх захидлаа Сүмийн удирдах газар луу илгээхийнхээ өмнө бүсийн алба рүү илгээж баталгаажуулдаг.

Ихэвчлэн номлогчоор үйлчлэхийг дэмжсэн захидлыг удирдах газарт очсоноос хойш гурван долоо хоногийн дараа дуудлага өгдөг.

Номлолоо эхлэх хугацаа
Номлолоо эхлэхээс 9 сарын өмнө номлогчийн тодорхойлолтоо явуулж болно. Нэр дэвшүүлэх материалыг аль болох эрт, 9 сарын өмнөөс ирүүлэхийг бид зөвлөж байна. Хэрэв та гадаадад номлол хийхээр дуудагдсан бол виз авахад 5 сараас дээш хугацаа шаардагдаж ч магадгүй. Тиймээс эртнээс өргөдөл гаргавал номлолоо эхлүүлэхээр төлөвлөсөн хугацаандаа явах боломжтой байх болно.

Ямар үүрэгт ажилд дуудагдана гэж найдаж
байгаа тухай Таны хүслийг хариуцсан ах нар анхааралтай авч үзнэ. Та хүссэн үүрэгт ажилдаа дуудагдаж болох ч хаана ч дуудагдсан бай үйлчлэхэд бэлэн байх ёстой. Таны дуудлага Сүмийн ерөнхийлөгчөөс ирдэг бөгөөд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийн сүнслэг өдөөлтөөр таны дуудлагыг өгдөг.

Олон номлолд үйлчлэх
бол дунд нь хэр хугацааны завсарлага авсан байх ёстой гэсэн заалт байхгүй. Та дараагийн номлолоо эхлэхээс 9 сарын өмнө тодорхойлолтоо илгээж болно. Тухайн үед номлолд байх эсэх нь хамаагүй. Хэрэв та хэд хэдэн номлолд үйлчлэх бол 23 сараас дээш хугацаагаар гэрээсээ хол газарт байхаас үүдэн гарч болох татварын асуудлаа мэдэхийн тулд татварын нягтлан бодогчтойгоо зөвлөлдөх нь зүйтэй.

Үүрэгт ажилд нөлөөлөх хүчин зүйлс
Бүх бүрэн цагийн номлогчийн дуудлагыг ерөнхийлөгчийн удирдлаган доорх Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдэд өгөгдсөн илчлэлтээр дамжуулан өгдөг. Тухайн хүнд хамгийн сайн тохирох үүрэгт ажлыг тодорхойлохын тулд дараах хүчин зүйлсийг харгалзан үздэг. Үүнд:

  1. Сүмийн хэрэгцээ шаардлага
  2. Тухайн хүний хүсэл
  3. Үйлчлэх боломжтой хугацаа
  4. Номлолоо эхлэх өдөр
  5. Эрүүл мэндэд шаардлагатай зүйлс
  6. Номлолын үед ашиглах санхүүгийн нөөц бололцоо
  7. Ажил мэргэжил, туршлага (ажил, сүм)
  8. Хэлний чадвар
  9. Компьютер, технологи ба оффисын ажлын ур чадвар


Эрүүл мэндийн асуудлууд

Эрүүл мэндийн онцгой асуудлуудад тавигдах
хязгаарлалт болон нийтлэг шинж тэмдгүүдийн талаарх удирдамжийг доор дурдав.

Чихрийн шижин: Зөвшөөрөгдсөн хэмжээ (A1C) буюу 9.0 ба түүнээс бага байна.

Түрүү булчирхай: Хэрэв таны түрүү булчирхайн хавдрын маркер (ТБХМ)-ийн түвшин 5.0 ба түүнээс дээш бол дахин шинжилгээ хийлгэх хүртэл томилогдохгүй байж магад.

Цусны даралт: Хэрэв та эмнээс хамааралтай бол таны цусны дээд даралт ихдээ 140, доод даралт 90 байж болно.

Энэхүү жагсаалтад дурдаагүй нөхцөлүүдэд шаардагдах эмчилгээний талаар гадасны ерөнхийлөгчөөсөө ахмад номлогчдыг хариуцсан эрүүл мэндийн зохицуулагчтай (1-801-240-0322) ярилцахыг хүснэ үү.

Таны хамрагдсан даатгал болон эмчийн зөвлөмжөөс шалтгаалан та дараах шинжилгээг өгөх хэрэгтэй байж болох юм. Үүнд:

Бүдүүн гэдэсний дуран: Ахмад номлогчид номлолд гарахынхаа өмнө бүдүүн гэдэсний дурангаар харуулах шаардлагагүй. Гэхдээ эмч тань зөвлөсөн тохиолдолд та энэ шинжилгээг өгөх хэрэгтэй.

Хөхний рентген зураг: Эгч нарт санал болгож байгаа ч заавал өгсөн байх шаардлагагүй.

Зүрх судасны ачааллын сорил: Энэхүү сорилыг өгөх шаардлагагүй. Гэхдээ танд дараах эрсдэлт хүчин зүйлсээс 3 эсвэл түүнээс дээш шинж тэмдэг илэрвэл сорил өгөхийг зөвлөнө.

  • 50-аас дээш настай, цусны даралт өндөр, цусан дахь өөх тосны хэмжээ их, чихрийн шижин, таргалалт, бодисын солилцооны хам шинжтэй
  • Удам дамжсан зүрх судасны өвчтэй
  • Цээжин хэсгээр өвдөж байсан түүхтэй
  • Сүрьеэгээр өвдөж байсан

Сүрьеэгийн шинжилгээг заавал өгөх ёстой.

Вакцинжуулалт
Өөрийгөө хамгаалж, бусдад өвчин халдааж, тээгч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор вакцинд хамрагдахыг танд зөвлөж байна. Хэрэв та вакцинд хамрагдахаас татгалзвал дотооддоо томилогдох болно. Ихэвчлэн дараах вакцинд хамрагдахыг шаарддаг. Гепатит А, В - Вакцинжуулалтад бүрэн хамрагдахад 6 сарын хугацаа шаардагдах тул үйлчлэхээр шийдмэгц хийлгэж эхэл. Татран — 1956 оноос хойш төрсөн хүмүүс заавал энэ вакцинд хамрагдах ёстой. Үйлчлэх улсаас хамааран өөр вакцинууд хийлгэх шаардлагатай байж болно. Эдгээрт гэдэсний хижиг, хумхаа, Японы энцефалит багтана.

Төлөвлөгөөт мэс засал
Гадасны ерөнхийлөгчийг номлогчоор үйлчлэхийг дэмжсэн захидал илгээхээс өмнө бүх томоохон мэс засал, хагалгаанд орсон байх ёстой. Таныг үйлчлэхэд бэлэн гэдгийг нотолсон, эдгэрсэн тухай тодорхойлолт өгөхийг эмчээсээ хүс. Энэхүү баримт бичиг нь үйлчлэх байдал, очих газарт нөлөөлж болохуйц хязгаарлалт эсвэл бусад асуудал байгаа эсэхийг тодорхойлох боломжийг удирдах газрын эмчид олгоно. Хэрэв танд аливаа эргэлзээ байвал, Ахмад номлогчдыг хариуцсан эрүүл мэндийн зохицуулагчтай (801-240-0322) холбоо барихыг гадасны ерөнхийлөгчөөсөө хүснэ үү.

Илгээх бусад мэдээлэл
Хэрэв танд 'Хувийн эрүүл мэндийн түүх'-д эсвэл номлогчийн мэдүүлгийн эмчийн үзлэг хэсэгт дурдагдаагүй эрүүл мэндийн асуудал, эмчилгээг тайлбарласан тэмдэглэл, захидал эсвэл бусад баримт бичиг байгаа бол гадасны ерөнхийлөгчдөө өгөөрэй. Гадасны ерөнхийлөгч баримт бичгийг хуулбарлан авч, номлогчоор үйлчлэхийг дэмжсэн захидалдаа хавсарган, Сүмийн удирдах газар луу цахимаар илгээнэ. Нийтлэг жишээнүүдийг дурдвал: Мэс засал болон бусад томоохон эрүүл мэндийн ажиллабар хийлгэсний дараа эдгэрсэн гэсэн эмчийн тодорхойлолт, эмчилгээний явцад илэрсэн хэвийн бус үйл ажиллагааны талаарх ажиглалт, тайлбар, тусгай эмчилгээ шаарддаг эмгэг, ховор өвчний шинж тэмдэг буюу нөхцөл байдал.

Хэрэв та номлолдоо жороор олгодог эм хэрэглэх шаардлагатай бол эмчтэйгээ болон жор бичиж өгсөн хүнтэйгээ ярилцаж, 90 хоног хэрэглэх эмээ бичүүлэн, номлолдоо авчрах ёстой. Дуудагдсан газартаа авах эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээний талаар Номлолын эрүүл мэндийн хэлтэстэй (801-578-5650) холбоо барьж лавлана уу. Хэрэв та эмээ шуудангаар авах гэж байгаа бол зөвхөн эрх бүхий эмийн сан руу шуудангаар илгээхэд анхаарна уу. Гэр бүл, найз нөхөд тань жороор олгосон эмийг шуудангаар илгээж болохгүй. [Орчуулга: Энэ нь тухайн улсаас хамаарах тул лавлаж асуух шаардлагатай.]

Сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай номлогчдын хувьд үйлчлэл нь сэтгэлийн дарамтад оруулж, урьд өмнө тохиолдож байгаагүй нөхцөл байдалд хүргэж болзошгүй юм. Оношлогдсон эсэхээс үл хамааран танд сэтгэцийн аливаа асуудал байвал мэдэгдэнэ үү. Мөн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаас болж эм ууж байгаа бол эмнүүдээ тодорхойлолт дээрээ бичнэ үү.

Тодорхой асуултууд
Хэрэв танд энд дурдаагүй шинж тэмдэг, асуудал байвал шаардлагатай эмчилгээний талаар Ахмад номлогчдыг хариуцсан зохицуулагчтай (1-801-240-0322) ярилцахыг гадасны ерөнхийлөгчөөсөө хүс. Заавал асууж лавлаарай.


Хуулийн талаарх анхааруулга

Маргаантай хэргүүд
Нэр дэвшүүлсэн захидлыг ирүүлэхээс өмнө маргаантай бүх хэргийг шийдвэрлэсэн байх ёстой.

Өмнөх шүүн таслах ажиллагаатай холбоотой асуудлууд
Хэрэв та урьд өмнө ноцтой хэрэгт орооцолдож байсан бол Сүм дуудлага өгөх эсэхээ шийдвэрлэхээсээ өмнө тухайн хэргийн явцыг хянаж үзнэ.

Оршин суугч бус хүмүүс
Оршин суугаа улсынхаа харьяат бус иргэд, харьяаллыг нь баталгаажуулсан мөн тухайн улсад оршин сууж буй статусыг тайлбарласан бичиг баримтаа ирүүлсэн байх ёстой. Дээрх бичиг баримтын хуулбарыг өргөдөлдөө хавсаргана уу. Таны оршин суугаа газрын статусаас хамааран, үүрэгт ажлаа гүйцэтгэх газар тань өөрчлөгдөж магадгүй юм.


Санхүүгийн асуудал

Номлолын зардал
Та номлолын зардлаа өөрөө хариуцна. Хэрэв та эх орондоо болон гадаадад 18 сараас дээш хугацаагаар үйлчлэх бол Сүм таны номлолд ирэх, буцах хоёр талын замын зардлыг төлнө. Орон байрны зардал, хоолны зардал, хувийн эд зүйлс, номлолын хэлтэст ирсэн унааны зардал, эмчилгээний зардал, интернэтийн үйлчилгээ, утасны төлбөр, даатгалын шимтгэл гэх мэт зардлыг тухайн хүн өөрөө хариуцна. Номлолын үүрэгт ажил, байршил, хувийн амьдралын хэв маягаас шалтгаалан өртөг нь харилцан адилгүй байдаг. Хэрэв бодит түрээс 1400 ам.доллараас давсан бол хосууд зөрүү төлбөрийг гаргахгүй. Дэлгэрэнгүй мэдээллийг Орон сууцны зардал хэсгээс үзнэ үү. Энэхүү вэбсайтад жагсаасан зардлуудыг ам.доллараар тооцож гаргасан болно.

Санхүүгийн тусламж
Хэрэв танд санхүүгийн тусламж хэрэгтэй бол эхлээд гэр бүлээсээ тусламж авах хэрэгтэй. Хэрэв таны төсөв, гэр бүлийнхний өгсөн мөнгөний нийт дүн хангалтгүй бол энэ талаар бишоп, салбарын ерөнхийлөгчтэйгөө ярилц. Гэрээсээ хол үйлчлэх нөөц бололцоо байхгүй хүмүүст гэрээсээ үйлчлэхийг бишоп, гадасны ерөнхийлөгч санал болгож болно.

Татварын хөнгөлөлт
Орон сууц, тээврийн хэрэгслийн зардлыг татвараас хөнгөлж магадгүй. Энэ талаар татварын нягтлан бодогчоосоо зөвлөгөө аваарай. Номлолоо эхлэхийн өмнө өр төлбөрөө барагдуулсан байхыг шаарддаггүй.

Өр төлбөр
Хэрэв та өр зээлтэй бол номлолын зардлаа хариуцахын хажуугаар эзгүй байх хугацаандаа зээлээ эргэн төлж байх үүргээ биелүүлэхэд бэлэн байх ёстой. Хэрэв та орон сууц барьцаалсан зээлтэй бол хэр удаан хугацаагаар эзгүй байж болохоо зээл олгогчоосоо асууж лавлана уу. Гадасны ерөнхийлөгчийг номлогчоор үйлчлэхийг дэмжсэн захидал илгээхээс өмнө зээл олгогчоосоо бичгээр мэдэгдэл авахыг бид танд зөвлөж байна.

Аравны нэг, өргөлүүд​
Аравны нэг, өргөлүүдийг өөрийн харьяа тойрог эсвэл салбарт төлнө. Мацгийн өргөлийг үйлчилж буй тойрог эсвэл салбарт өгнө.

Эрүүл мэндийн даатгал
Та эрүүл мэндийн зохих даатгалтай байх ёстой. Зохих даатгалгүй хүн бүрэн цагийн номлогчоор номлолд үйлчлэх боломжгүй. Ихэнх даатгал нь дотоодод хүчинтэй боловч гадаадад үйлчлэхгүй байх нь элбэг. Хэрэв таны даатгал номлолын үйлчлэлд тань тохирох эсэхэд эргэлзэж байгаа бол Номлогчийн эрүүл мэндийн хэлтэс (801-578-5650) рүү залгаарай. Үндэсний эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой улс орнуудад (АНУ-ын Medicare орно) үүнийг оршин суугаа эсвэл байнгын оршин суугаа улсдаа үйлчлэхэд тохиромжтой даатгал гэж үздэг. Гадаадад үйлчлэхэд зохих даатгалтай байх шаардлагатай. Энэ нь таны сонгосон даатгалын компанийх байж болно эсвэл та Ахмад номлогчдын эмчилгээний хөтөлбөр (АНЭХ)-т хамрагдах боломжтой. Номлолын үеэр хугацаа нь дуусах даатгалтай байх нь Сүмийн бодлогод харшилна. Шаардагдах даатгалд хамрагдаагүй номлогчдыг байнгын оршин суудаг улсад нь шилжүүлэх юм уу номлогчийн үүргээс чөлөөлнө.

Ахмад номлогчдын эмчилгээний хөтөлбөр (АНЭХ)
Сүм Дэзэрэт Мючлтэй хэлэлцэн тохирч, Этна Интернэшнлийн эрүүл мэндийн даатгалд ахмад номлогчдыг хамруулахаар болсон. Үүнийг Ахмад номлогчдын эмчилгээний хөтөлбөр (АНЭХ) гэж нэрлэдэг. АНЭХ нь хамгийн бага өртөгтэй, америкчуудад ноогдуулсан даатгалын шаардлагыг хангасан даатгал юм. Хамрах хүрээний хувьд бусад бүх орны даатгалын шаардлагыг хангахаар зохицуулагдсан. Таны өвчний түүх, одоогийн өвчний нөхцөл байдал хамрах хүрээг хязгаарлахгүй. Нөхөн олговор нь ерөнхийдөө номлож эхлэх өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, чөлөөлөгдсөн сарын сүүлчийн өдөр дуусгавар болно. Номлож эхлэх огноог дуудлагын захидалд дурдсан. Мөн АНЭХ-ийг номлолын дараа шилжин суурьшихад нь туслах зорилгоор, чөлөөлөгдсөнөөс хойш 60 хүртэлх хоногийн хугацаанд сунгах боломжтой. Хэрвээ хамрагдах хугацаагаа сунгах бол номлолд байх үедээ өргөдлөө гаргах ёстой.

Хэрэв танд АНЭХ-тэй холбоотой асуух зүйл байвал Этна Интернэшнлтэй холбоо барина уу (1-877-248-3608 эсвэл (813) 775-0381). АНЭХ-ийн талаарх мэдээллийг www.dmba.com/ssmp хаягаар орж авах боломжтой. “Prospective Senior Service Medical Plan Members” гарчгийн доорх холбоосыг сонгоход анхаарна уу.

Medicare-ийн талаар
Номлол нь Medicare Advantage даатгал (Medicare C хэсэг)-д нөлөөлж болзошгүй. Medicare Advantage даатгал нь тухайн нутаг дэвсгэрт оршин суудаг хүмүүст (ихэвчлэн нэг улс эсвэл тухайн улстай залгаа улс орнууд) үйлчилдэг. Хэрэв та даатгалын хамрах хүрээнээс гадуур, 6 сараас дээш хугацаагаар номлогчийн ажил хийх шаардлагатай бол таны даатгал хүчингүй болж магадгүй.


Номлолын байр

Орон сууц бэлтгэх
Сүм танд зориулан тавилгатай орон сууц бэлтгэж өгөх ба ус, цахилгаан, дулааныг зохицуулна. Цагаан хэрэгсэл зэрэг хувийн хэрэглээний зүйлсээ та өөрөө хариуцна. Бусад тавилга (гал тогооны хэрэгсэл орно)-ыг Сүмээс өгөх болно. Кабелын телевиз, утас, интернэтийг өөрөө хариуцан суурилуулна.

Түрээс
Түрээсийн төлбөрийг үндсэн тойргийнхоо Тойргийн номлогчийн санд өргөл хэлбэрээр төлнө. Дэлхийн зарим хэсэгт түрээсийн төлбөр өндөр байдаг тул Сүм хос номлогчдод туслах зорилгоор түрээсийн төлбөрийн хязгаарыг 1400 ам.доллар болгоод байна.

Гэр бүлийн номлогчид - Түрээс тань 1400 ам.доллароос бага байсан ч нийт дүнг Тойргийн номлогчийн санд тушаана. Хэрэв түрээс тань 1400 ам.доллараас их бол та зөвхөн 1400 ам.долларыг тушаана.
Эмэгтэй ахмад номлогчид - Ихэнхдээ хамтрагчидтайгаа хамт амьдардаг тул түрээс нь нэг хүний 1400 ам.доллароос хэтрэхгүй. Хамтрагчгүй байх ховор тохиолдолд, тухайлбал сүмийн удирдах газарт үйлчлэх тохиолдолд ч түрээс нь ихэвчлэн 1400 ам.доллароос бага байдаг.

Машины түрээс болон ашиглалтын төлбөр төлөх
Машины түрээс болон сүмийн тээврийн хэрэгслийн ашиглалтын төлбөрийг (ашигласан тохиолдолд) өөрийн тойрог эсвэл салбар номлолын санд төлнө.

Хандивыг онлайнаар (lds.org) эсвэл банкны төлбөрийн үйлчилгээг ашиглан хийж болно. Эсвэл та үүнийг тойрогт тань оршин суудаг гэр бүлийн итгэмжлэгдсэн гишүүнээр төлүүлж болно.


Аялал, унааны зардал

Аяллын зардал
Дараах тохиолдолд сүмээс номлолд ирэх, буцах хоёр талын замын зардлыг хариуцна. Үүнд

Үйлчлэлийн хугацаанаас үл хамааран оршин суудаг улсдаа үйлчилж байгаа бол Гадаад улсад 18 эсвэл 23 сарын хугацаатай үйлчлэх бол Сүмээс 2 талын замын зардлыг хариуцна. Та 6 эсвэл 12 сарын хугацаатай үйлчлэхээр дуудагдсан бол номлолд ирэх, буцах хоёр талын зардлаа өөрөө хариуцна. Харин үйлчлэх хугацаандаа номлолынхоо хугацааг 18 эсвэл 23 сар болгон сунгавал Сүмээс буцах замын зардлыг тань хариуцна.

Хэрэв та номлол руугаа ирж, буцахдаа онгоцоор нисэх бол Сүм агаарын тээврийн гэрээт компанитай тань холбогдон, таны тийзийг зохицуулна. Та Номлогчийн удирдах албаны удирдамжийн дагуу энгийн ангиллын тийз худалдаж авна. Хэрэв та өөр нөхцөлтэй тийз худалдаж авахыг хүсвэл захиалга, худалдан авалт, зохицуулах ажлаа өөрөө хариуцан хийнэ. Нислэгийн маршрутад нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно.

Хэрэв та хувийн машинаараа номлол руугаа очиж, буцах бол тээврийн зардлыг туулсан зам дээр үндэслэн олгоно. Энэхүү тээврийн зардалд автомашины шатахуун, байр, хоолны зардал багтсан байна. Прово дахь Номлогчийг бэлтгэх төвийн Аяллын алба чиглэл өгөх уулзалтын үеэр таны тээврийн зардлыг тооцоолно.

Ганц бие эгчтэй аялах
Хэрэв ганц бие эгч номлолдоо хүрэхийн тулд 500 миль (900 км)-ээс хол зам туулахаар бол Сүм хамт яваа хүнийх нь тээврийн зардлыг хариуцна. Номлол руу очих тээврийн зардал, буцах нислэгийн тийзийг зорчигчдод өгнө. Номлолын хугацаа дуусахад, хамт номлолд ирж, машинаар хамтдаа явах хамтрагчийнх нь нислэгийн тийз, буцах замын зардлыг Сүм хариуцна. Тантай хамт явах хүмүүс 18-аас доошгүй настай байх ёстой. Хоёр ба түүнээс дээш хүн хамт аялсан бол Сүм нэг л хүний замын зардлыг буцаан олгоно.

Тээврийн хэрэгсэл
Та оршин суугаа улсдаа үйлчлэхээр дуудагдсан бол үйлчлэлийнхээ үеэр ашиглах тээврийн хэрэгслээ өөрөө хариуцна. Зарим тохиолдолд гадаадад томилогдсон хосууд сүмийн эзэмшлийн автомашиныг түрээсэлж болох ба шатахуун, тосолгооны материал, сарын түрээсийн төлбөрийг (одоогоор 150 ам.доллар) өөрсдөө хариуцна. Энэ тохиолдолд номлолын удирдах газраас танд удирдамж илгээх болно.

Цахилгаан хэрэгсэл, төхөөрөмж
Та хувийн компьютер, гар утас болон бусад 'ухаалаг' төхөөрөмжүүдээ өөрийн зардлаар номлолдоо авч ирж болно. Амьдардаг улсаасаа гар утас, үйлчилгээ худалдан авахаас илүү номлолд үйлчлэх улсаасаа гар утас худалдаж авах нь хамаагүй хямд байдаг. Хэрэв таны гар утас 'ухаалаг' бол та номлолдоо авч яваад, Wi-Fi-тай орчинд янз бүрийн аппликэйшн ашиглаж болно.

Интернэт
Бараг бүх номлолд ямар нэг төрлийн интернэтийн үйлчилгээг ашиглах боломжтой. Орон сууц, байрны интернэтийн төлбөрийг тухайн хүн өөрөө хариуцна.


Номлогчийг бэлтгэх төв

НБТ дэх сургалт
Ихэнх номлолын дуудлагад НБТ-д 5-7 хоног 'Миний сайн мэдээг номло' сургалтыг авах хугацаа орсон байдаг. Хэрэв өөр үүрэг даалгавар (жишээлбэл: халамж, ТБС, гэр бүлийн түүх гэх мэт) байгаа бол дээрээс нь 2-5 хоногийн сургалт нэмэгдэнэ. Дуудлагаа хүлээн авсны тань дараа ямар ямар сургалтад хамрагдах шаардлагатай болох талаар бид танд мэдэгдэх болно. Зарим номлолд (жишээлбэл: ариун сүмийн) НБТ-ийн сургалт байдаггүй. Ийм номлолын хувьд таныг өөр газар сургалтад хамруулна. Сүүлийн гурван жилийн хугацаанд НБТ-ийн “Миний сайн мэдээг номло” сургалтад хамрагдсан хүмүүс гадасны ерөнхийлөгчөөрөө дамжуулан энэ сургалтаас чөлөөлөгдөж, номлолын талбарт шууд очих хүсэлт ирүүлж болно.

Автомашины зогсоол ба орон байр — Прово дахь НБТ
Хэрэв та Прово дахь НБТ-д сургалтад хамрагдаж байгаа бол тээврийн хэрэгсэлд зориулсан зогсоолыг ашиглах боломжтой. Прово дахь НБТ-ийн Аюулгүй байдлын алба (801-422-4568) руу холбогдож, зохицуулалт хийнэ үү. Хэрэв та Прово дахь НБТ-өөс алхаж болохуйц зайд амьдардаг бол сургалтад гэрээсээ ирж, буцах боломжтой. Хэрэв та гэрээсээ ирэх боломжгүй бол бидэнтэй утсаар холбогдон, НБТ-ийн байр, хоолны зардлын талаар мэдээлэл авах боломжтой.

Автомашины зогсоол ба орон байр —
Өөр НБТ-өөс дуудлагын захидал хүлээн авсан тохиолдолд бид тантай холбоо барьж, зогсоол болон орон байрны зааварчилгааг өгөх болно.

Нэрийн тэмдэг
Нэрийн тэмдгийг НБТ-өөс гардуулж өгнө. НБТ-д ороогүй хүмүүс номлолын удирдах газарт ирэхдээ хүлээн авна.

Хэлний сургалт
Та эх хэлээрээ ярьдаггүй улсад томилогдсон ч шинэ хэл сурах үүрэг хүлээхгүй. Хэрэв та эх хэлээрээ ярьдаггүй улсад үйлчлэхээр дуудагдсан бол Прово дахь НБТ-өөс танд зориулан хэлний бэлтгэлийн хөтөлбөрийг санал болгоно. Заавал оролцох шаардлагагүй ч бүрэн цагийн номлогчийн хувьд зорилгодоо хүрэхэд тань энэхүү хөтөлбөр туслах болно. НБТ нь онлайн сургалтын хэрэглэгдэхүүн, видео хурал болон утсаар тухайн хэлийг ганцаарчлан сурах боломжийг олгодог. 1-801-422-1129 дугаар руу залгах юм уу onlinetutoring@mtc.byu.edu хаягаар э-мэйл илгээнэ үү. Сургалтын зохицуулагч нь сургалтуудад оролцох хамгийн тохиромжтой арга замыг ярилцаж, сургалтын төлөвлөгөө боловсруулдаг. Сургалт авахад хугацаа шаардагдах тул та бидэнтэй аль болох эртнээс холбоо барина уу.

Нэмж дурдахад, та номлолын талбарт ирснээсээ хойш зургаан сарын туршид заах хувийн багш авах хүсэлт гаргах боломжтой.


Орон гэрийн болон гэр бүлийн гишүүдийн орон гэрийн асуудал

Орон гэрээ яах вэ?
Та дараах сонголтуудыг эргэцүүлэн бодож үзээрэй:

Хамаатан саднаа амьдруулах
Түрээслэх
Зарах
Эзэнгүй үлдээх

Та алийг нь ч сонгосон бай, дараах зүйлийг санавал зохино. Үүнд: Орон гэрээ орхих бэлтгэлгүй байх үедээ орон байраа суллаж, амьдрах газаргүй болохгүйн тулд номлолоо албан ёсоор эхлүүлэх өдрөө заавал мэдсэн байхад анхаар. Виз олгох хугацаа хойшлогдож магадгүй. Хэрэв та гадаадад үйлчлэхээр дуудагдсан бол виз авах шаардлага гарч ирж болох юм. Виз авах үйл явц цаг хугацааны хувьд харилцан адилгүй байдаг тул зарим тохиолдолд номлол тань хойшлогдож болно. Аялал хариуцсан агент тань таны визийг авах хүртэл гэр орноо орхихгүй байхыг танаас хүсье. Та байшингаа зарж эсвэл түрээслэх бол мөн визаа төлөвлөсний дагуу авахгүй бол нүүхээ хойшлуулах юм уу түр байрлах найдвартай газар ол.

Гэрээслэл ба итгэмжлэл
Гэнэтийн явдалд бэлтгэлтэй бай мөн нотариатчтай уулзаж, гэрээслэлээ баталгаажуулах талаар бодож үзнэ үү. Насан туршийн итгэмжлэл хийлгэх нь бас нэгэн сонголт байж болох юм.

Орон сууцны зардал
Цахилгаан, дулаан, ус, даатгал, үл хөдлөх хөрөнгийн татвар гэх мэт зардлуудыг ихэвчлэн банк, зээлийн хоршоодын интернэт банкны үйлчилгээгээр автоматаар төлөх боломжтой. Санхүүгийн олон байгууллага цахим хуулга, онлайн төлбөр тооцоог санал болгодог бөгөөд санхүүгээ зохицуулахад амар хялбар болсон. Хэрэв та байшингаа эзэнгүй орхих гэж байгаа бол даатгалын компанид мэдэгдээрэй.

Гэрт очсон захидал
Хэрэв та оршин суудаг улсдаа үйлчлэхээр бол ихэвчлэн шуудангаа номлолын хаяг руугаа дамжуулуулан авна. Гадаадад үйлчлэх ахмад номлогчид ихэвчлэн хариуцлагатай хамаатан садан эсвэл санхүүгийн асуудлыг нь хариуцдаг хүн рүүгээ шуудангаа дамжуулуулдаг. Орон нутгийн татварын хуулийн талаар санхүүгийн зөвлөхтэйгөө ярилцана уу. Өөрийн мужаас гадуур хаяг руу шуудангаа удаан хугацаагаар дамжуулах нь тухайн мужийн татварын шаардлагыг өөрчилж магадгүй юм.


Гэр бүлийн асуудал

Гэр бүлтэйгээ холбоо барих
Ахмад номлогчид гэр бүлийнхэнтэйгээ э-мэйл, утас, интернэт дугаар, вэб видеогоор холбогдож болох бөгөөд залуу номлогчдыг бодвол ойр ойрхон холбоо барих боломжтой. Гэр бүлтэйгээ холбоо барих нь номлогчийн үүрэгт ажилд тань саад учруулах ёсгүй.

Гэр бүлдээ зочлох
Та гэр бүлийнхээ чухал арга хэмжээнд оролцох зорилгоор номлолоос чөлөө авч болно. Энэхүү өргөдлийг ихэвчлэн зөвшөөрдөг боловч номлолын ерөнхийлөгчөөс гадна ариун сүмийн болон бүсийн ерөнхийлөгчийн зөвшөөрлийг авсан байх шаардлагатай. Унааны болон бусад зардлыг та өөрөө хариуцах ба хугацаа нь 10 хоногоос хэтрэхгүй байна.

Номлолын эсвэл орон нутгийн сүмийн удирдагчийн зөвшөөрлөөр та эцэг эх, ах эгч, дүү гэх мэт ойрын хамаатан саднаа урьж болно. Энэ тохиолдолд номлогчийн үүрэгт ажлаа цалгардуулахгүй байхыг хичээх хэрэгтэй.

Асаргаа шаардлагатай насанд хүрсэн хүүхдүүд
Нөхцөл байдлаас шалтгаалан асаргаа шаардлагатай насанд хүрсэн хүүхдүүдийг номлолын талбарт авчирч болох боловч энэ тохиолдолд тэд Сүмийн үйлчлэлийн номлогчоор үйлчлэх боломжтой байх хэрэгтэй. Номлогчийг нэр дэвшүүлэхээс өмнө гадасны ерөнхийлөгч онцгой тохиолдлын бодлого журмын маягтыг номлогчийн албаны шаардлагын дагуу илгээх ёстой. Гадасны ерөнхийлөгч Номлогчийн алба руу залгаж, зааварчилгаа авбал зохино. Хэрэв тухайн онцгой тохиолдол тогтоогдвол, хүүхдүүдийг нь Сүмийн үйлчлэлийн номлогчоор, гэрлэсэн номлогчдыг бүрэн цагийн номлогчоор тус тус дуудна.

Тэжээвэр амьтад
Гэрээсээ хол үйлчлэх тохиолдолд тэжээвэр амьтантай байхыг зөвшөөрөхгүй. Та номлолд гарч, үйлчлэхийг хүсэж байгаа бөгөөд амьтны туслалцаа шаардлагатай бол Сүмийн үйлчлэлийн номлогчоор үйлчлэх талаар бодож үзээрэй.


Ахмад номлогчдыг дэмжих төвтэй холбоо барина уу.

Хэрэв та ахмад номлогчийн үйлчлэлийн эсвэл өөр тодорхой төрлийн үйлчлэлийн талаар мэдэхийг хүсвэл Ахмад номлогчдыг дэмжих багтай холбоо барина уу.