МОНГОЛ ЗАЛУУСЫН БОЛОВСРОЛД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛЖ БУЙ ЭРХЭМ

МОНГОЛ ЗАЛУУСЫН БОЛОВСРОЛД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛЖ БУЙ ЭРХЭМ

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч Гордон Б.Хинкли 1995 оны 7-р сарын 1-ний өдрөөс Монгол Улаанбаатар Номлол байгуулах шийд гаргаж, улмаар 1994 онд Монголд ахмад номлогчоор үйлчилж байсан Ричард Күкийг Монголын анхны Номлолын Ерөнхийлөгчөөр дуудсан түүхтэй.

Тухайн үед Монголд амьдрахад ихээхэн сорилт бэрхшээлтэй байсан хэдий ч Монгол орныг өөрийн хайртай “гэр бүл” мэт үздэг болсон Ричард Күк болон түүний эхнэр Мэри Күүк нарын хувьд Монголд номлол байгуулагдаж байгаад сэтгэл нь догдлохгүй байж чадаагүй ажээ. Номлолын ерөнхийлөгчөөр үйлчилж байх хугацаандаа Монгол улсад хэрхэн тусалж чадах тухайгаа үргэлж эргэцүүлж байсан тэрбээр нэгэн гарц олсон нь Монголын хүүхэд залуучуудад гадаадад боловсрол эзэмших боломжийг олгосноор Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр болж чадна гэсэн итгэл үнэмшил байсан юм. Улмаар 1995 оны 5 сард АНУ-ын Хавай муж дахь Бригам Янгийн Их Сургуулийн ерөнхийлөгч Эрик Шамвэйтэй уулзан, тус их сургуульд Монгол оюутан хүлээн авах боломжийг нэмэгдүүлэхэд туслахыг хүсжээ. Учир нь Күк ах Монголын гишүүд хамгийн чанартай боловсролыг чухамхүү эндээс л олж авна, сайтар зохион байгуулагдсан Сүмийн байгууллагыг эндээс л харж суралцах боломжтой байх болно гэсэн сүнслэг өдөөлтийг авсан байсан аж. Мөн энд суралцах оюутнууд ариун Сүмд орж, гайхалтай ёслолуудыг хүртэн, сурч мэдсэн бүхнээ Монголдоо эргэн ирж хэрэгжүүлэх нь хэчнээн чухал болохыг тэр олж харсан байв. Ерөнхийлөгч Шамвэй хүсэлтийг хүлээн авч, монгол оюутнуудыг I-Work хөтөлбөрт хамруулан, ажлын байраар хангаж, зардлын тодорхой хэсгийг төлөх боломжтой болгохоор харилцан тохиролцсон байв. Улмаар Күк ах “Монголын Боловсролыг Дэмжих Сан”-г өөрөө санаачлан байгуулж, олон танил нөхдөө тус санд хандив өргөхөд уриалдаг байсны ачаар эдүгээ 500 гаруй монгол оюутан Хавай дахь Бригам Янгийн Их Сургуульд боловсрол эзэмшээд байна.

Тэр цагаас 28 орчим жилийн дараа 92 насандаа буюу 2022 оны 8-р сард Күк ах гэр бүлийн хамт Монгол улсад хүрэлцэн ирээд, Хавай дахь БЯИС-ийн төгсөгчидтэй уулзсан юм. Сургуулиа амжилттай дүүргэсэн төгсөгчдийг эх орондоо эргэн ирээд, гэр бүлийнхэнтэйгээ хамт хүүхдүүдээ сайн мэдээнд өсгөн, Сүмдээ үйлчилж, тэр дундаа олон төгсөгч Сүмийн удирдагчаар үйлчилж байгааг хараад, Күк ах “МИНИЙ МӨРӨӨДӨЛ БИЕЛЖЭЭ!” хэмээн баярлан, дуу алдсан. Алма 37:7-д “маш өчүүхэн аргаар Их Эзэн ... олон бодгалийн авралыг авчирдаг” хэмээн өгүүлдэгчлэн, тавхан оюутан сургахаас эхэлж байсан энэ сан эдүгээ 500 гаруй монгол оюутанд дэлхийн хэмжээний чанартай боловсрол эзэмшихэд нь тусалж, тэдний Монгол дахь Сүмдээ төдийгүй Эх Орондоо ихийг хийж бүтээхийн эхлэлийг тавьжээ. Ийнхүү “Монголын Боловсролыг Дэмжих Сан”-ийн тусламжтайгаар Хавай дахь БЯИС-ийг төгссөн оюутнуудын олон нь баярлаж талархсан сэтгэлээ Монгол улсдаа “эргэн ирж” илэрхийлсэн бөгөөд энэ нь Сүмийг адислаад зогсоогүй Монгол улсыг адисалж байгаа билээ.

Монголын төр засгийн зарим сайд, удирдагч 92 насандаа Монгол улсад эргэн айлчилсан Ричард Күк, Мэри Күк нарыг хүлээн авч уулзан, түүний хийсэн үйлсэд талархал илэрхийлж, БЯИС-ийн төгсөгчдийн боловсролын чансаа, өөдрөг үзэл, өндөр ёс зүйг бахдан сайшаажээ. Монголын Сүмийн гишүүдийн сайн сайхан ирээдүй болсон боловсролын төлөө байгуулагдсан “Монголын Боловсролыг Дэмжих Сан” одоо ч зорилгынхоо дагуу үүргээ гүйцэтгэсээр байгаа бөгөөд энэ их үйл хэргийн галыг үл бөхөөн, цааш үргэлжлүүлэх үүднээс Күк ах хүү Ричард Виллиам Күктэй Монгол улсад хамтдаа ирж, түүнд Монгол орныг танилцуулан, сангаа хүлээлгэн өгч буйгаа хэлж байсан юм.

Тус сангийн хөрөнгө оруулалт улам арвижин тэлж, илүү олон залууст хүрэх болтугай!