Ховд салбарын чуулган боллоо

Ховд салбарын чуулган боллоо

Ховд салбарын чуулган боллоо

Ховд салбарын чуулган 2015 оны 9 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. УБ Баруун Гадасны ерөнхийлөгч О.Одгэрэл, түүний нэгдүгээр зөвлөх Т.Баатарчулуун болон Гадасны туслах бүлгийн удирдагч нар Ховд аймагт очиж тус чуулганыг зохион байгуулсан юм. Эхний өдрийн чуулган Бугатын үзүүр хэмээх газар болсон бөгөөд Ховд салбарын нийт гишүүд болоод удирдагчид оролцсон. Тэд Гадасны удирдагч нарын заасан сүнслэг өртөөнүүдээр аялж, олон зүйлс суралцсан. Зарим гишүүдтэй уулзаж, сурсан зүйлийнх нь тухай сонирхлоо.

С.Цацрал

“Бурханы өмнө хүлээх үүрэг” өртөө

Би энэ өртөөнөөс ганцаараа л сүмдээ яваад байлгүй бусдад ч бас сүнсээрэ өсч, үүрэг хариуцлагаа биелүүлэхэд нь туслах хэрэгтэй гэдгийг сурлаа. Өөрт оноогдсон үүргийг сайн биелүүлэх нь өсч хөгжихөд тусладаг. Би маргааш болох ариун ёслолд гэр бүлийн гишүүдээ заавал авчирна.

Э.Таван-Эрдэнэ

“Ариун өдөр” өртөө

Би урьд нь ариун өдрийг хэзээ ч ариунаар нь сахиж байгаагүй гэдгээ мэдэж авлаа. Энэ өдөр нь онцгой өдөр учир залбиралтайгаар өнгөрүүлэх ёстой бөгөөд хувцаслалт ч бас бусад өдрийнхөөс өөр байх ёстойг сурсан. Хэрвээ бид залбирвал Тэнгэрлэг Эцэг энэ өдрийг ариунаар хадгалах арга замаар хангаж өгнө. Бүтэн сайн өдрийг ариунаар сахих маш их хүсэл төрж байна.

Б.Амарзаяа /сонирхогч/

Би эдгээр өртөөнүүдээс амьдралд хэрэгтэй олон зүйл сурлаа. Наманчлалын өртөө их таалагдсан. Хийсэн бүх алдаагаа залруулж, нүглээсээ цэвэршиж болно гэж бодохоор их сайхан санагдаж байна. Би сүмийг олон жил сонирхож байгаа. Гэхдээ одоо гишүүн болж, илүү тууштай явахаар шийдсэн. Бас семинарт явна.

П. Буяннэмэх

“Номлол” өртөө

Номлол бол санваарын үүрэг. Тиймээс Бурханы өмнө хүлээсэн энэ эрхэм үүргээ заавал биелүүлэх ёстойг ойлгосон. Номлолд гарахыг их хүсэж байна. Гэхдээ сайн бэлдэх хэрэгтэй юм байна.

Г.Батболд

“Хангамжийн төв” өртөө

Хангамжийн төв миний бодсоноос хамаагүй ойр байдаг юм байна. Каталогоос нь хараад хүссэн зүйлээ захиалж авч болдгийг сурлаа.

Б.Болортуяа

“Бие даах чадварыг хөгжүүлэх нь” өртөө

Бие даах чадвар гэдэг нь хүн хэн нэгнээс хараат бус байх явдал юм. Би ирээдүйд бие даах чадвартай байхын тулд одооноос төлөвлөгөө гаргаж, зорилго тавих хэрэгтэй гэдгээ ойлгосон. Өнөө орой гэртээ очоод тэмдэглэл хөтөлж эхлэнэ. Бас ойрын хугацаанд ямар мэргэжлээр, ямар сургуульд суралцах талаараа шийдвэр гаргана гэж бодож байна.

С.Марал-Эрдэнэ

“Хувийн хөгжил дэвшил” өртөө

Хувийн хөгжил дэвшил хөтөлбөрийг хөтөлснөөр хувиараа өсөж дэвших боломжтой бөгөөд залбирал амжилттай хөтлөхөд тусладаг гэдгийг сурлаа. Би энэхүү хөтөлбөрийг хэд хэд эхэлсэн боловч дандаа л шантраад орхидог байсан. Харин одоо үргэлжлүүлж хөтлөөд заавал дуусгана гэсэн зорилго тавьсан.

Чуулганд ирсэн хүн бүр дор бүрнээ хувийн илчлэлт авч, сүнсээр суралцаж чадсан юм. Сүнслэг өртөөнүүдийн дараа бүгд хөгжилтэй тоглоом тоглож, амтат зууш идэцгээв. Дараа нь өсвөр үеийнхэн сүмийн байранд очиж Гадасны залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийн удирдагчдаас бугуйвч урлахыг заалгав. Хүн бүр өөрийн гэсэн бүтээлтэй болж, түүгээрээ гангарсаар буцацгаалаа. Ийнхүү эхний өдрийн чуулган амжилттай болж өндөрлөв.

Чуулганы хоёр дахь өдөр бол ариун өдөр. Ариун ёслолын цуглаан хүндэтгэл бишрэл хийгээд Ариун сүнсээр дүүрэн байлаа. Гишүүд ерөнхийлөгч Томас С.Монсоноос эхлээд Гадасны болон Ховд салбарт үйлчилдэг бүхий л албан тушаалтнуудыг дэмжин батлав. Энэ үед Ховд салбарын Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл солигдож, шинэ ерөнхийлөгчөөр Д.Давгадорж эгч дуудагдсан. Гадасны туслах бүлгийн удирдагч нар хөгжмийн онцгой номер үзүүлсэн. Ховд салбарын ариун ёслол урьд нь хоёр цаг ордог байсан бөгөөд энэхүү чуулганаар гурван цаг буюу туслах бүлгүүдийн анги нэмэгдэн орох боллоо. Ариун ёслолын дараа Гадасны удирдлагууд тус тусын бүлгийн удирдагч нарт сургалт өгсөн юм. Дашрамд дурдахад урьд нь Ховд салбар Монгол Улаанбаатар номлолын харьяанд байсан бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард тэргүүн зөвлөлийн зөвшөөрлөөр Улаанбаатар Баруун Гадасны нэгж болсон билээ.