Ариун сүм хаалттай хэдий ч амьдралыг минь адисалсан

Temple

Ариун сүмийн хүчинтэй эрхийн бичигтэй байхуйц зохистой байх нь... дайснаас хамгаалах хамгаалалт ба Сүнс тантай хамт байна гэсэн амлалтын аль аль нь болдог.”

—Ахлагч Роналд А.Расбанд, 'Их Эзэнд зөвшөөрөгдсөн' 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган

Урт, хүндхэн өдөр байв. Дэлхий дахинд цар тахал дэгдээд 7 сар болж байгааг ч хэлэх үү, зарим өдөр иймэрхүү өнгөрдөг болсон. Өглөө сэрээд ямар ч шалтгаангүй уйлмаар санагдах үед би өөрийгөө хүндхэн асуудалтай тулгарч байгаа юм байна гэдгээ ойлгосон. Сэтгэл гутрал бид хоёр сайн танилууд хэдий ч өөрсдийгөө найзууд гэж би л лав хэлэхгүй. Тэр үргэлж урилгагүй гарч ирээд, дэндүү удаан байдаг. Олон жилийн турш би энэ урилгагүй зочныг ялган таньж, амьсгал давчдуулам оршихуйгаар нь цуглуулж сурсан.

16 настай, хүнд хэлбэрийн аутисмтай Дэвид хүү маань төлөвлөж байсныхаа дагуу ирэх долоо хоногоос сургуульдаа эргэн орох боломжгүй болсон гэх мэдээг авахад энэ нь надад тус болоогүй юм. Сургуулиас ажилтнууд хүрэлцэхгүй байгаа тухайгаа, сургуульдаа буцаад орж болох тодорхой товийг хэлж өгөх боломжгүй гэдгээ мөн мэдэгдэв.

Уг нь би хүүгийнхээ сургуульдаа эргэн орох өдрийг өдөр, хоног тоолон хүлээж байсан юм. Бид дахиад нэг долоо хоног тэсэж чадах ч түүнээс удаан бол тэсэж чадахааргүй байв. Ингээд Дэвид гэртээ бүхэл өдөржингөө байдаг болоод 7 дахь сар руугаа орж байв.

Тухайн өдрийн ажлаа дуусгахын тулд би өөрийгөө хүчлэв. Сэтгэл санаагаа дээрдүүлэхийн тулд бясалгал болон бусад хэд хэдэн аргыг туршиж үзсэн боловч аль нь ч тус болсонгүй. Хэцүү хэвээрээ л байв. Заримдаа өдөр өнгөрөх тусам сэтгэл гутралаас ирэх хүнд дарамт багасдаг атал тэр өдөр огт тэгсэнгүй.

Орой болоход би сэтгэл санаагаа өргөж, үр бүтээлтэй байх гэж хичээхээ ч болив. Нэг л мэдэхэд би унтах цагаа хүлээгээд буйдан дээрээ сууж байлаа. Магадгүй маргааш өглөө гэхэд би дээрдсэн байна байх, унтах л хамгийн зөв сонголт юм байна гэдэг дүгнэлтэд би хүрээд байв.

Миний нөхөр Роб “Бишопын зөвлөлийн гишүүн 19 цагт над руу залгаж, ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлага хийнэ гэсэн. Тэр үед чи ч бас өөрийнхөө эрхийн бичгийн ярилцлагад орчих уу?” гэж надаас асуув.

“Заавал өнөөдөр орох шаардлагагүй биз дээ?” гэхэд,

“Өнөөдөр орсон нь дээр байх” гэж тэр хариулав.

Утсаар ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлагад орно гэдэг санаа надад жаахан хачин санагдав. Гэхдээ миний цааргалж байсан жинхэнэ шалтгаан бол сэтгэл санааны таагүй байдал маань байсан юм. Би ариун сүмийн эрхийн бичгээ шинэчлэхийг эсэргүүцсэн явдал огт биш. Харин зүгээр л, тэр үед хүсээгүй юм. Намайг ямархуу байгааг асуух үед би уйлж эхэлбэл яах вэ? Дээрээс нь цар тахлаас болж ариун сүмүүд хаалттай байхад ариун сүмийн эрхийн бичиг нэн даруй шаардлагатай мэт санагдахгүй байв.

Бишопын зөвлөх яг тохирсон цагтаа, 19 цагт залгав. Робыг түүнд гэр орон дахь бидний бүх зүйл сайн байгаа гэж хэлэхийг сонсоод уур минь хүрэв. Мэдээж, бид болоод л байсан ч гэсэн энэ бүхэн амаргүй байв. Цар тахлын улмаас тогтоосон хязгаарлалтын дарамтыг бид бүгд мэдэрч байлаа.

Миний ярих ээлж ирэхэд би эсрэгээрээ тэр хүнд үнэхээр урт өдөр болж өнгөрсөн гэдгийг хэлэв. Хэсэг ярилцсаны дараа тэрээр гол асуудалдаа орж, ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлагын асуултуудын жагсаалтаас эхнийхийг асуулаа.

“Тийм ээ” хэмээн би хариулав. Хоолой минь зангирснаасаа болоод үг арайхийн гарав. Нулимсаа барьж, дараагийн асуултад хариулахын тулд тайвшрахаар нэлээн хичээх хэрэгтэй болов.

Намайг гайхширтал гэнэтийн бас хүчтэй сэтгэл хөдөлсөн хариу үйлдэл гарч ирэх нь тэр. Ярилцлагын үеэр уйлчих вий хэмээн санаа зовж байсан ч энэ шалтгаанаар л лав биш. Тэр үед миний мэдэрсэн зүйл сэтгэл гутралаас бус, Сүнснээс байв. Есүс Христэд итгэх итгэлээ бататган “тийм” хэмээн хэлэх тэр агшинд миний дотор сайн сайхан, халуун дулаан, сүнслэг баяр баясгалан цутган орж ирэхийг би мэдэрсэн.

Ариун сүм хаалттай, эрхийн бичгээ ашиглах шаардлага гараагүйн улмаас ариун сүмийн эрхийн бичгийн маань хүчинтэй хугацаа нь дуусаад бүр 3 сар болчихсон байхад нь хүчинтэй хугацаа нь дууссан гэдгийг ч би огт анзаараагүй байв. Ариун Сүнсийг цутган орж ирэх тэр үеийг хүртэл би юуг орхигдуулж байснаа мэдээгүй явсан байв. Хамгийн хэрэгтэй сүнслэг байдлаараа өөрийгөө өлсгөж байснаа тэгэхэд би мэдсэн юм.

Ярилцлагын үеэр мэдэрсэн тайтгарал, баяр баясгалангийн сайхан мэдрэмжийг би тэр үдшийн турш мэдэрсээр байлаа. Тэр өдрийг бүрхсэн харанхуй, хүнд мэдрэмж арилж, халуун дулаан хийгээд сайн сайхнаар солигдов.

Сэтгэл гутралтай тулгарах үедээ би ихэвчлэн ариун сүмд очиж тайтгарал эрэлхийлдэг байсан ба үүнийг бусад аргын хамт хэрэгжүүлснээр оюун санааны эрүүл мэндээ сайжруулахад минь үргэлж тусалдаг байсан. Энэ удаа надад сэтгэл санаагаа дээрдүүлж, өөртөө туслахын тулд ариун сүмд очих боломж байгаагүй ч ариун сүмд орохоос ирдэг сэтгэлийн эдгэрлээр би адислагдсан юм. Тэр өдөр би өөрийгөө ариун сүмд орсон мэтээр мэдэрсэн.

Ингэж би ариун сүмийн эрхийн бичигтэй байхын ач холбогдлын талаар шинэ ойлголт, гэрчлэл олж авсан юм. Бид ариун сүмд орох боломжгүй байлаа ч хүчинтэй эрхийн бичигтэй байснаар ариун сүмийн адислалуудыг хүлээн авч чадна.