Би хувийн зүгээс та бүхнийг институт, семинарт хамрагдаасай хэмээн урьж байна

President Nelson

Хүндэт залуу найзууд минь, Их Эзэн та нарт ямар их хайртай гээч! Мөн би ч гэсэн та бүхэнд хайртай!

Энэ бол гайхалтай цаг үе. Их Эзэн ажлаа яаравчлуулж байгаа нь бидний нүдэн дээр илхэн байна. Энэ нь сэтгэл санааг сэргээж, оюун ухааныг сорьсон үйл явдал юм. Бидний хүн нэг бүрээс урьд өмнөхөөс улам их зүйлийг шаардаж байна. Их ч зүйл өгөгдөж байна.

Хүндэт өсвөр үеийнхэн минь, миний та нарт өгсөн таван урилгыг биелүүлэх үедээ олж авсан туршлагуудыг тань сонсоод би баяртай байгаа. Хэрэв та нар онцгой цугларалтад оролцоогүй эсвэл урилгуудыг минь хүлээж аваагүй бол уг нэвтрүүлгийг дахин давтан үзэхийг би та бүхнээс гуйж байна. Амьдралд болон ирээдүйдээ санаа тавьж, тэрхүү таван урилгыг биелүүлээрэй.

Залуучууд аа, өмнөх үеийнхнээс илүү ухаалаг, мэргэн цэцэн мөн дэлхийд нөлөөлөх чадвартай байх эсэх нь та нарын Есүс Христэд хэр үнэнч байгаагаас бүрэн хамаарна. Түүнийг дагах тусам та нар илүү амжилттай байх болно.

Миний өнөөдрийн захиас институт, семинарын насныхан болох та нарт хандсан юм. Та нарт л гэж хэлэхэд, би ямар нэг зүйлийн томьёог тайлж мэдэх дуртай. Би аливаа нөхцөл байдлын үндсэн элементүүдийг олоод, тэдгээрийг нийлүүлж, амжилтад хүрэх дуртай. Жишээлбэл, би зүрхний залуу мэс засалч байхдаа зүрхний цохилтыг түр хугацаагаар зогсоож болдог гэдгийг мэдэж авсан юм. Зүрхэнд шахаж буй цусан дахь кали, натрийн хэмжээг өөрчилснөөр үүнийг хийж болдог. Дараа нь зүрх рүү кали, натрийн хэвийн хэмжээ бүхий цусыг шахан, зүрхийг дахин тэжээж, хэвийн байдлаар ажиллуулах боломжтой болдог бөгөөд энэ арга үргэлж үр дүнгээ өгдөг. Энэ бол эмч хүний дуулгавартай дагаж сурдаг олон тэнгэрлэг хуулийн нэг мөн.

Томьёо болгон үүн шиг чухал биш. Би дахиад нэг зүйл хэлье. Би эхнэртэйгээ хамт iPad дээрээ үг бүтээх тоглоом  тоглож байхдаа байнга шахуу “хожил” авчрах томьёог бодож олж билээ. Би “байнга шахуу” гэж хэлснийг минь анзаараарай. Энэ томьёонд хожно гэдэг баталгаа байхгүй. (Ихэнхдээ эхнэр минь хождог.)

Та нарын амьдралд үргэлж үр дүнгээ өгөх ганцхан томьёо бий. Энэ бол та нар Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн зарлигуудад илүү дуулгавартай байж, байгуулсан гэрээнүүдээ сахин, Тэдэнтэй ойртох тусам илүү аз жаргалтай байх болно гэсэн томьёо юм. Та нар Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимолд заасан жишгүүд (эдгээр нь өсвөр үеийнхэн болон залуучуудад зориулсан гайхалтай удирдамж)-ийн дагуу амьдарснаар хэт туйлширч буй дэлхийн хэлбэр загвар, хуурамч гүн ухаан, эцэс төгсгөлгүй уруу таталтаас өөрсдийгөө холдуулахад илүү хялбар байна. Эдгээр зүйлийг хийснээр найз нөхөд, гэр бүлийн гишүүддээ болон бусдад эерэг нөлөө үзүүлэх чадвар тань нэмэгдэх болно. Энэ томьёо үргэлж үр дүнгээ өгнө. Энгийнээр хэлбэл, та нар Есүс Христийн жишээг дагах тусам амжилттай байх болно.

Тэгвэл Есүс Христийн ийм үнэнч шавь болоход та нарт юу туслах вэ? Институт, семинарт зүгээр нэг хамрагдах биш, идэвхтэй оролцож, өгөгдсөн ямар ч даалгаврыг итгэлтэйгээр биелүүлэх явдал үүний нэг хариулт юм.

Хэдэн долоо хоногийн өмнө нэг залуу эрэгтэй, эмэгтэй хоёр сайн мэдээг өөрсдөө бие даан суралцах үүрэг хариуцлагатай гэдгээ одоо мэддэг болсон хэмээн ариун ёслолын цуглаан дээр ярьж байсан. Тэдний үгийг сонссон бүх хүн сайн мэдээг судлах, заах, суралцах, үүний дагуу амьдрахад илүү шамдах хэрэгтэй гэдгээ ойлгож авсан.

Институт, семинар энэ тал дээр та нарт тусалж чадна. Гэр оронд төвлөрч, Сүмээс дэмжих 2019 оны шинэ хөтөлбөрөөр гэртээ хамт амьдардаг хүмүүстээ сайн мэдээг заахад нь туслах үүрэг хариуцлага та нарын хүн нэг бүрд ирсэн.

Гэр орноо Есүс Христийн сайн мэдээг заах, судлах мөн сайн мэдээний дагуу амьдарч, үүнийг хайрладаг итгэлийн ариун дагшин газар болгон өөрчлөхөд институт, семинар та бүхэнд тусална. Та нар хаана ч амьдарч байсан, тэрхүү өргөө нь Есүс Христийн жинхэнэ шавь нар оршин суудаг газар болж чадна. Тэнд та нар амьдралын шуурганаас хоргодож, Их Эзэнийг болон нэг нэгнээ гэсэн хайраа нэмэгдүүлж чадна.

Хүндэт ах, эгч нар аа, “бүрхүүл нь дэлхийгээс”1 ийнхүү замхарч байгаа ба миний зүрх сэтгэлийн хамгийн нандин хүслүүдийн нэг бол та нарыг Их Эзэний илчлэхэд бэлэн байгаа бүхнийг хүлээн аваасай гэх хүсэл юм шүү. Институт, семинар та нарт тусална.

Институт, семинарыг төгссөнөөр амьдралдаа хийх хамгийн чухал гэсэн зүйлүүддээ амжилт гаргах чадвар тань нэмэгдэх болно. Жинхэнэ баяр баясал та нарынх болно! Би та бүхнийг хайрладаг гэдгээ илэрхийлэхийн хамт Есүс Христийн ариун нэрээр энэ бүхнийг гэрчилж байна, амен.

Эх сурвалж:
1 “Бурханы Сүнс,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, х. 28-ыг үзнэ үү.