Тоон мэдээлэл нь 2012 оны 12 сарын 31-ний байдлаар
- Дэлхий даяарх нийт гишүүд-15,082,028
- Дэлхийн даяарх ариун сүмийн тоо- 143
- Дэлхий даяарх цуглааны байр- 29,253
- Дэлхиий даяарх номлогчид- 83,035
- Дэлхий даяарх хүмүүнлэгийн ажлын номлогчид- 11,925
- Дэлхий даяарх гэр бүлийн түүх, ургийн бичгийн төв- 4,789
- Монгол дахь сүмийн нийт гишүүд-10,591
- Монгол дахь номлолын тоо- 1
- Нийт гадас- 1
- Нийт дүүрэг- 2
- Нийт цуглааны байр-23
Монгол орон номлолын ажил нээгдэхэд бэлтгэгдсэн нь
Азид Сүмийг үндэслэн байгуулж, хөгжин дэгжихэд голлох үүрэг гүйцэтгэсэн Ахлагч Пол Хайер Монгол орныг номлолын ажилд нээх замыг бэлтгэхэд хувь нэмрээ оруулсан нэгэн бөгөөд энэ нь түүний хувьд сүнслэг нөлөө бүхий түүхэн хэрэг байсан гэдэг. Пол Хайер 1951 онд Калифорнийн Беркелийн Их Сургуульд эрдмийн зэрэг хамгаалахаар сурч байх үеэс Монгол орныг сонирхож эхэлсэн ажээ. Пол Хайер нь “Буддын шарын шашин болон Монгол орныг Япончууд довтолсон нь” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан бөгөөд сүүлийн 50 гаруй жил Монгол, Хятад, Япон, Тайвань зэрэг азийн орнуудын орчин үеийн түүхийг судалж, арвин бүтээл туурвисан байна.
Пол Хайер гэргий Карины хамт монгол найз нарынхаа хүрээг өргөтгөж, олон улсын симпозиум, эрдэм шинжилгээний хурлуудад оролцох, хүмүүнлэгийн салбар дахь төслүүд дээр Монголын Эмэгтэйчүүдийн Холбоотой хамтран ажиллах асуудлаар Монгол Улсад байнга ирж байжээ. 1992 оны наймдугаар сард Дэлхийн Монголч Эрдэмтдийн Чуулганд оролцохоор Улаанбаатарт ирэх үедээ Монголд ирэх цөөн тооны номлогчдын амьдрах нөхцлийг судалж байсан Ахлагч Монте Ж.Браутай уулзсан байна.
Энэ хожмын үйл хэрэгт зүрх сэтгэлээ зориулан ажилласан Ахлагч Монте Ж.Брау хоёр хүүгийнхээ хамт тэртээ 1984 онд монгол нутгаар аялах үедээ хөтөч нартаа сэргээгдсэн сайн мэдээ сонсгохыг хүсч, залбирч байхдаа залбирлын хариу өгөөмрөөр ирэхийг мэдэрсэн биз ээ. Ахлагч Монте Ж.Брау 1988 онд Далын Нэгдүгээр Чуулгад дуудагдан, 1990 онд Азийн Бүсийн Ерөнхийлөгч Ахлагч Мерлин Либбертийн Нэгдүгээр зөвлөхөөр томилогдон, Их Эзэнд үйлчлэхдээ Азийн орнуудын сайн мэдээнд нэгдэх үйл ажиллагаануудад оролцох онцгой аз жавшаан түүнд мөн тохиосон ажээ.
Бригам Янгийн Их Сургуулийн Дэвид М.Кеннедийн нэрэмжит Олон Улс Судлалын Азийн Судалгааны дипломын дараах сургалтын удирдагчаар ажиллаж байсан профессор Пол Хайерын урилгаар Монгол Улсын элчин сайд Гэндэнгийн Нямдоо 1991 оны 3-р сарын 20-ны өдөр “Монгол орон ардчиллын замаар” сэдэвт лекцийг Провод уншжээ.
Элчин сайд энэ айлчлалынхаа үеэр Юта Валлигийн Улсын Коллежийн Олон Улсын Судалгааны Төвийн захирал Малан Р.Жаксонтой биечлэн уулзаж, Юта Валлигийн Улсын Коллежтэй танилцаж, захирлын “Коммунизмаас ардчилалд шилжихэд нь Монгол Улсад ямар туслалцаа хэрэгтэй байна” хэмээх асуултанд “Манай залуучуудыг боловсролтой болгоход туслаач” гэж хариулж байжээ. Хожим нь Захирал Малан Р.Жаксон, “Орчин үеийн, олон ургальт ертөнцөд Монгол орон мөр зэрэгцэн хөгжих боломжинд Юта Валлигийн Улсын Коллеж жинтэй хувь нэмэр оруулсан нь тодорхой юм” хэмээн дурссан байдаг.
Элчин сайд Г.Нямдоо, Тэргүүн Зөвлөлийн урилгаар урьд өдөр нь Сүмийн Захиргааны байранд зочилж, Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли, Ерөнхийлөгч Томас С.Монсон болон Ахлагч Нийл Аш Максвелл, Ахлагч Пол Хайер, Хайерын хамтран ажиллагч С.Жигжид нартай уулзалт хийхдээ “Шинэ Монгол бол ардчилсан улс. Иймээс Сүмийн төлөөлөгчдийг баяртай хүлээн авах болно” гэж батлан хэлсэн байна. Ахлагч Пол Хайерд “Элчин сайдын энэ мэдэгдэл үнэхээр ач холбогдолтой юм” хэмээх бодол төржээ.
Сүм анх удаа албан ёсны хэлхээ холбоо тогтоосон нь
1992 оны 3-р сарын 14-нд Колумб Дүүргийн Вашингтон дахь Монголын элчин сайд Даваагив Азийн Бүсийн Ерөнхийлөгч Мерлин Либбертэд илгээсэн захидлыг сийрүүлбээс: “Танай байгууллагаас Монголд хүмүүнлэгийн үйлчилгээ, түүний дотор боловсролын хөгжилд тусламж үзүүлэх, Америкийн их сургуулиудад тэтгэлгээр суралцах, бизнесийн зөвлөлгөө өгөх, эрх зүй болон бусад салбарт үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон асуудлуудаар яриа хэлэлцээ хийхийн тулд миний бие Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гадаад Хэргийн Яамны нэрийн өмнөөс Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Төлөөлөгчдийг Монголд айлчлахыг урьж байна” хэмээсэн Элчин сайдын албан ёсны урилга нь Монгол оронд очих Төлөөлөгчдөд визний зөвшөөрөл авах, Улаанбаатарт айлчлах төлөвлөгөө боловсруулах замыг Ахлагч Мерлин Либберт, Ахлагч Монте Ж.Брау нарт нээсэн байна.
Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгаас эрх олгогдсон, Ахлагч Либберт Ахлагч Брау хоёр 1992 оны 5 дугаар сард Монголын Засгийн Газар болон Боловсролын салбарын хүмүүст дипломат шугамаар тавьсан хүсэлтийн дагуу Монгол оронд зочлон, “хүмүүнлэгийн тусламжийн салбарт хийх зүйл асар их байгааг” мэдэрчээ. Тулгамдсан хэрэгцээг хангахын тулд баримжаагаар тооцоолсон эд материалын болоод хүний нөөцийн тусламж үзүүлэх саналыг Монголын албан тушаалтнууд хүлээн авсан байна.
Ахлагч Либберт, Ахлагч Брау хоёр “Шаардлагатай боловсрол эзэмшсэн таваас зургаан гэр бүлийн хосыг сонгож, улмаар тэд Монгол хүмүүст ач тусаа үзүүлж, үр дүнд нь номлолын ажлыг эхлэх үүд хаалгыг нээж болох юм” гэсэн итгэл өвөрлөн, Монголоос буцсан байна. Угтаа бид монголчуудад хэрэгтэй болсон учир сайхь гэр бүлийн хосууд номлолын ажил хийж, сайн мэдээг зааж болно. Харин Монголчууд өөрсдийн хүсэлтээр сүмд элсч болно гэсэн санааг хэлэлцэж тохирсон байна. Улмаар Азийн Бүсийн Ерөнхийлөгчийн Зөвлөл зургаан гэр бүлийн хосыг Монголд дуудах саналыг Тэргүүн Зөвлөлд Ахлагч Нийл А.Максвеллын танилцуулсны дагуу тэр даруйд баталсан байна. 1992 оны 6 дугаар сард Азийн Бүсийн Ерөнхийлөгчийн Зөвлөлөөс Сүмийн урьдчилан санал болгосон тусламжийг хэрэгжүүлэх болно гэдгийг Монгол дахь холбоотой байдаг хүмүүст мэдээлсэн байна.
Монгол дахь ХҮГС-ийн анхны ариун ёслолын цуглаан
Тэртээ 1992 оны 9-р сарын 20-ны өдөр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Монгол дахь салбарын анхны цуглаан болжээ. Тухайн үед салбар нь албан ёсны бүртгэлгүй байсан бөгөөд Азийн Бүсийн Ерөнхийлөгчийн Зөвлөлийн удирдлага дор ажиллаж, сайн мэдээг түгээхээр дуудагдсан анхдагчдын эхний гэр бүлийн номлогч хос Ахлагч Кеннет Бийзли болон Систер Донна Бийзли нар байлаа. 1992 оны 10 сараас 1993 оны 5 сар хүртэлх хугацаанд удаах таван гэр бүлийн номлогч хосууд Монголд ирцгээсэн байна. Анхны зургаан номлогчид их онцгой нөхцөл байдалд ажиллаж, монголын боловсролын системд туслахаар мөн сайн мэдээг түгээхээр ирсэн юм. Боловсролынхоо үүрэг хариуцлагын үеэр сайн мэдээг номлох боломжгүй, өдөр бүр гурваас таван ангид хичээл заах, сэдвээ бэлтгэх, суралцагсдынхаа даалгаврыг шалгах, засах гэхчилэн чөлөөт цагаар хязгаарлагдмал байжээ. Гэвч Их Эзэн номлогчдынхоо нөхцөл байдлыг анхааран үзэж, Есүс Христийн тухай сурч мэдэх сонирхолтой хүмүүсийг номлогчид руу илгээж байлаа. Коммунист засаглал 70 гаруй жил ноёрхох үедээ шашныг хориглож байсан ч эдгээр залуу хүмүүсийн үнэнийг сурах хүсэл эрмэлзлэлийг дарж чадаагүй нь сонирхолтой байсан гээд, “Миний хонин сүрэг дууг минь сонсдог. Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг юм” хэмээсэн Иоханы 10-р бүлгийн 27-р шүлэг бидний санаанд орж ирж байлаа хэмээн дурьдсан байдаг.
Эдгээр Анхдагч нар Сүмийн суурийг тавьж, Есүс Христийн сайн мэдээ монгол оронд дэлгэрэн, Сүм үүсэн хөгжсөн түүх нь Христийн зарлигийг хэрэгжүүлэх оргилуун хүсэл эрмэлзлэлийн тод жишээ байсныг Бригам Янгийн Их Сургуулийн профессор Стивен К.Харпер өөрийн өгүүлэлдээ бахдан бичсэн байдаг билээ.
Монгол Улс Сионы анхны гадастай болж, Хожмын үеийн гэгээнтэн 10,00 гаруй ах эгч нар Гадас болон хоёр Дүүргийн 23 салбар нэгжид хамрагдан, өөрсдийн амьдрал болон гэр бүлдээ сайн мэдээнээс суралцан, итгэгчдийн тоо өсөн нэмэгдсээр байгаа нь Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Нийл А.Максвелл ахын 18 жилийн өмнөх бошиглол биелэгдсээр байгаагийн баталгаа юм.