Сүмийн түүх: 1994 он

Сүмийн түүх: 1994 он

ЕСҮС ХРИСТИЙН ХОЖМЫН ҮЕИЙН ГЭГЭЭНТНҮҮДИЙН СҮМ МОНГОЛ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭГДЭВ

ОНГОЛ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭГДЭВ

Манай Ариун Ёслолын үйл ажиллагаанд оролцогчдын тоо нэмэгдсэн,  мөн шинэ хуулийн зарим нэг зүйл заалт нь Сүмийн Цуглаануудыг Төрийн Байгууллагын байранд хийхийг хориглосон тул Салбарын Удирдлага Цуглаан явуулах шинэ байрны эрэлд дахин гарчээ. Энэ удаад Ариун Ёслолын Цуглаан өглөөний цагт хийгдэхээр өөрчлөгдсөн тул  Энхтайван Найрамдлын Ордны захиргаа тухайн цагуудад байр түрээслүүлэх боломжтойг мэдэгджээ.

1994.01.02. Шинэ оны анхны Ариун Ёслолын Цуглаан болж, өнгөрсөн онд Сүмийн үйл ажиллагаа өгөөмөрөөр адислагдсан нь Ертөнцийн Эзэн, Түүний Хүү Есүс Христийн ач ивээл байсанд баярласан сэтгэгдлээ илэрхийлж гишүүд гэрчлэлээ хуваалцжээ. Ахлагч Шмидт, хоёр долоо хоногийн дараа Салбарын Чуулганаар дотоод зохион байгуулалтын өөрчлөлт болох мөн 2 сарын эхний ням гаригийн Ариун Ёслолын Цуглаан, Энхтайван Найрамдлын Ордны байранд явагдах болсныг зарлав /А.Тунгалагийн өдрийн тэмдэглэлээс, 1994 он/.  

1994.01.09. Нийгмийн Халамжийн Ерөнхийлөгчөөр Даваажаргал /Silvia/, Нэгдүгээр Зөвлөхөд Систэр  Донна  Бийзли, Хоёрдугаар  Зөвлөхөд  Сансартуяа  /Kocmos/,  шинэ  Бичиг  Хэргийн  ажилд Энхжаргал эгч нар дуудагджээ. Ахлагч Бийзли, Сүмийн Дотоод Зохион Байгуулалт сэдвээр гишүүдэд дэлгэрэнгүй яриа өгсөн байна.

1994.01сар. Азийн Бүсийн Ерөнхийлөгчийн Зөвлөлд Ерөнхийлөгч Жон К.Кармак, Нэгдүгээр Зөвлөх Ахлагч Квок Юн Тай, Хоёрдугаар Зөвлөх Давид Ж.Соренсон нар ажиллаж байсан ба  Салбарын гишүүд, Номлогчид шинэ ондоо Азийн Бүсийн Ерөнхийлөгч Жон К.Кармак түүний гэргий Систер Кармак нарын айлчлалаар угтах сайхан боломж гарсанд маш баяртай байцгаасан байна.

1994.01.15-16. Ерөнхийлөгч Жон К.Кармакийн тэргүүлсэн Улаанбаатар Салбарын анхны Чуулган чуулж монгол гишүүд анх удаа Мелкизедек санваар хүртэж Ахлагчийн зэрэг авсан нь Лхамжавын Пүрэвсүрэн ах, Цэндхүүгийн Бат-Өлзий ах, Тогтохын Энхтүвшин ах нар байлаа. Т.Энхтүвшин ах, Ц.Бат-Өлзий ах нар Салбарын Ерөнхийлөгч Ричард Ж.Харперын Зөвлөхүүдээр дуудагджээ. Чуулганы хуралд Бүсийн Ерөнхийлөгч Кармак үг хэлж, Систер Кармак, Ахлагч Энхтүвшин, Ахлагч Бат-Өлзий нар гэрчлэл хуваалцсан байна. Чуулганд 125 хүн оролцсон мэдээтэй.  Мөн Номлогчдын болон Бүсийн хурал хуралдаж Ерөнхийлөгч Кармак бүх Номлогч нартай ярилцлага хийсэн байна.    

“Шашны Шинэ Хууль” Улсын Дээд Шүүхээр хэлэлцүүлэгдэж Сүмд хамгийн муу нөлөөтэй гэж үзэж байсан гурван заалтыг үндсэн хуулийг зөрчсөн гэж дүгнэгдсэн байна. Шинэ хуулинд сүмд сөрөг заалтууд үлдсэн хэдий ч тэдний гадуур ажиллах боломжтой болжээ.

Ахлагч Бийзлийн хүч чармайлтаар Энхтайван Найрамдлын Ордны захиргаа Цуглаан явуулж болох  300 хүний суудал бүхий заал, туслах бүлгүүдийн ангиуд хичээллэх өрөө, танхимуудыг түрээслэх болж,  Ариун Ёслолын үйл ажиллагаа явуулах шинэ байрыг үзэж сонирхохоор Азийн Бүсийн Ерөнхийлөгч Ахлагч Кармак, Систер Кармак болон ихэнх Номлогчид тэнд хүрэлцэн очжээ. Мөн тэндэхийн зоогийн газар үдийн хоолонд орцгоосон байна.  

1994.02.06. Шинэ байранд болсон Ариун Ёслолын Цуглааны өдөр гишүүд бас нэг “Анхны” гэсэн зүйлийн гэрч болсон нь Ахлагч Бат-Өлзий ах шинэ төрсөн бяцхан охиноо адислаж Мөрөн хэмээх нэрлэжээ. Ирэх пүрэв гаригт нь Ахлагч Энхтүвшин ах өөрийн бага насны хүүхдүүд Уянга, Номунгэрэл хоёртоо адислал өгөх ёслолд номлогчид уригдан оролцжээ.

1994.02.09. Шүүх Яаманд Сүмийг албан ёсоор бүртгүүлж зөвшөөрөл авах заавар авсан Ахлагч Чарльз Харди гэргий Систер Жин Хардийн хамт номлолд үйлчлэхээр ирсэн нь маш сайн хэрэг болсон учир нь ирэх сарын 1-нд Бийзли ах эгч, мөн 22-нд Харпер ах эгч нар буцах болсон байжээ.

1994.02.27. Салбарын Ерөнхийлөгчийн Зөвлөлд өөрчлөлт орж Ерөнхийлөгч Ричард Г. Харпер болон Зөвлөхүүд нь дуудлагаасаа чөлөөлөгдсөн байна. Ахлагч Гари Карлсон шинэ Ерөнхийлөгчөөр, түүний Зөвлөхүүдээр Ахлагч Тогтохын Энхтүвшин ах, Ахлагч Цэндхүүгийн Бат-Өлзий ах, мөн шинэ Удирдагч Ахлагчаар Чарльз Харди ах нар дуудагджээ.

1994.03.06. Энэ ням гаригт Систер Барбара Л.Карлсон, Систер Донна Бийзлийн оронд Нийгмийн Халамжийн шинэ Зөвлөхөөр дуудагдсан байна.

1994.03.13-20. Ариун Ёслолын Цуглаан дээр Смит ах эгч мөн Харпер ах эгч нар гэрчлэл өгөв.

1994.05.17. Ахлагч Гари Е.Кокс болон Систер Кокс мөн Ахлагч Ричард Е.Кук болон Систер Мэри Нильсен Кук нарын Ахмад Номлогч гэр бүлийн хосууд Монголын Номлолд үйлчлэхээр ирцгээжээ.

1994.06.22. Бүсийн Ерөнхийлөгч Жон К.Кармак айлчлан ирж Номлогч нартай уулзсан байна.

1994.06.26. Улаанбаатар Салбарын Ерөнхийлөгчийн Зөвлөлд өөрчлөлт орж Ерөнхийлөгч Гари Карлсоны чөлөөлөгдөх хүсэлтийн дагуу өөрийн нь анхаарлаа хандуулж байсан гишүүдийн бүртгэлийн системийг компьютерт шивэх, мөн нэмж Орчуулгын Зөвлөлийн ажлыг хариуцуулжээ. Шинэ Ерөнхийлөгчөөр Ахлагч Гари Е.Кокс, түүний Зөвлөхүүдээр Ахлагч Энхтүвшин, Ахлагч Бат-Өлзий нар дууддагдаж, Гүйцэтгэх Нарийн Бичгийн ажлыг Пүрэвсүрэн ах, Салбарын Албан Хаагчаар Ариунтулга ах, Нийгмийн Халамжийн Ерөнхийлөгчөөр Даваажаргал эгч нар дуудлагат ажлаа хийцгээж байжээ.  

1994.07 сар. Салбарын ажил хэрэг: Усан баталгаанд орсон 102 гишүүдтэй, Ариун Ёслолын дундаж ирц 130%, Ням Гаригийн Хичээл зохион байгуулагдаагүй байсан ч судалгааны ангид Нийгмийн Халамж, Хүүхдийн анги мөн бусад насны ангилалттай  бүлгүүдийн хичээл явагдаж байжээ. Америк номлогч нарын удирдлагын болон багшлах ажлын ачааг хөнгөлөн дуудлагаас чөлөөлж зөвлөхөөр дуудах оронд нь монгол ах эгч нарт дуудлага өгч эхэлсэн байна. Бүрэн Цагийн Номлогчоор Hawkins, Pojers, Nielson Jr, Linn, Hall, Nielson нарын зургаан Номлогч залуус үйлчлэхээр ирсэн байна.

1994.08 сар. Азийн Бүсийн Ерөнхийлөгчийн Зөвлөлд Ерөнхийлөгч Жон К.Кармак, Нэгдүгээр    Зөвлөх Квок Юн Тай, Хоёрдугаар Зөвлөх Жон Х.Гроверг нар ажиллаж байлаа .       

Бригам Янгийн Хавай дахь салбар их сургууль нь монгол гишүүдийн сургаалийн болон ахуйн амьдралд их чухал ач холбогдол бүхий үүрэг гүйцэтгэсэн болно. Эхний удаа Салбарын 7 гишүүн, удаад нь 1995 оны өвлийн семистрт 15, мөн нэмэгдсээр 20 монгол оюутанд суралцахын зэрэгцээ ажил хийх программ танилцуулснаар өөрсдийгөө санхүүжүүлэх чадвартай болгох үйл ажиллагаа үргэлжилсээр байжээ.

1994.10.24. Монгол Улсад шинээр үүсэж байгаа шашны байгууллагыг Монгол хүн удирдах тухай Монгол Улсын Үндсэн Хуулинд өөрчлөлт орсноор Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн мөрийн хөтөлбөрийг Иргэдийн Төлөөлөгчдын Хуралд Ахлагч Тоготохын Энхтүвшин ах танилцуулсан байна. Тухайн үед Соёлын Яамны дэргэдэх Шашны Асуудал Эрхэлсэн Комисст Христийн Шашныг төлөөлөн ажиллаж байсан Ахлагч Энхтүвшины өөрийн биеэр танилцуулсан хүч чармайлт, мөн энэ ажилд түүний танил талын нөлөө, Сүмээс Улсын Төв Номын Санд оруулсан  хандив Сүмийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахад ихээхэн нөлөө өгч тусалсан байна.

1994.10.27. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Монгол дахь Сүм нь Монгол Улсын Үндсэн Хууль, Монгол Улсын төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн дагуу Улсын Бүртгэлд албан  ёсоор  бүртгэгдсэн бөгөөд Хууль Зүйн Яамнаас  Дугаар 13, Регистр 1040448 тоот Гэрчилгээ олгосон байна.

1994.11 сар. Бүсийн Ерөнхийлөгчийн Зөвлөлөөс Ахлагч Квок Юн Тай айлчлан ирж номлогч нартай уулзан номлолын заавар өгөх, Ариун Ёслолын Цуглааныг тэргүүлэн удирдаж сүнслэг яриа, гэрчлэлээрээ гишүүдэд хайраа үзүүлж байжээ. Ариун Ёслолын талх усыг адислаж түгээсэн Сүмийн албан хаагч болон багш нарын зохистой хувцас /цагаан цамц, зангиа/ түүнд онцгой сэтгэгдэл төрүүлж айлчлалаа дуустал дурьдсан байна. Гишүүдийн тоо нэмэгдэх тусам сорилт ирсээр, Энхтайван Найрамдлын Ордны захиргаа 1994 оны 2 дугаар сард хийсэн нэг жилийн түрээсийн гэрээг /ням гариг бүр 4 цагаар 225 $/ дахин сунгах боломжгүйг мэдэгджээ. Бас манай Цуглааны ажиллагаанд хүүхэд ирэхэд дургүйцэн, “хүмүүс холхилдож байна” гэсэн шалтаг гаргаж байжээ. Эцэст нь хэлэлцээнд хүрч шинэ гэрээгээр  /ням гариг бүр 7 цагаар 350 $/ түрээслэх болжээ. Энхтайван Найрамдлын Ордон нь Сүмийн программыг хэрэгжүүлэхэд нөхцөл байдал нь тохиромжгүй газар байсан гэдэг.