Сэлбэ тойргийнхон ариун сүм рүү хамтдаа аялалаа

Сэлбэ тойргийнхон ариун сүм рүү хамтдаа аялалаа

Монголд анх удаа тойргийн ариун сүмийн аялал зохион байгуулагдлаа. Сэлбэ тойргийн удирдлагууд тойргоороо ариун сүм явах зорилго тавин олон сар бэлдсэний эцэст ийнхүү 11 хүний бүрэлдэхүүнтэй баг аравдугаар сарын 11-21-ний өдрүүдэд Хонконгийн ариун сүмд орж, олон хүний авралын ёслолуудыг гүйцэтгэжээ. Аяллын багт Н.Сүнжидмаа, В.Уламбаяр, М.Мөнгөнтуяа, Э.Удвал, Б.Төгсжаргал, Н.Хишигдэмбэрэл, Н.Бадмаанямбуу, Н.Ганболд, С.Сүхзориг, Э.Оюунбаяр, С.Ариунхишиг нар явсан байна. Тэд Хонконгоор аялахын зэрэгцээ ариун сүмд орж, авралын ёслолуудаа хүлээн авснаар итгэл гэрчлэлээ бэхжүүлсэн тухай өөрсдийн гэрчлэлийг хуваалцсан юм.

Н.Бадмаанямбуу: “Би жил гаруйн өмнө Сүмийн гишүүн болсон. Ариун сүмд орж, 23 жилийн өмнө нас эцэслэсэн ханьтайгаа мөнхийн холболт хийлгэсэн. Хайрт ханиа зүүдэлж, дахин уулзана гэсэн баттай мэдрэмж хүлээн авсан. Нас барсан хамаатан садныхаа 9 хүний авралын ёслолуудыг хийлгэсэн бөгөөд тэдний ихэд баярлаж байгааг мэдэрсэн. Ариун сүмд л бид ийм гайхалтай зүйлсийг мэдэрч болдог юм байна гэж би ойлгосон.”  

Н.Сүнжидмаа: “Энэ удаагийн аялалаар би ариун сүмд хоёр дахь удаагаа орсон. 100 гаруй нас барагсдын нэр цуглуулж, авч явсан. Олон хүний авралын ёслол хийлгээд үнэхээр сайхан байлаа. Гэхдээ заримынх нь ёслолыг хийлгэж амжаагүй. Ариун сүмд орох үедээ Алма 34:32-т хэлсэнчлэн энэ дэлхийн амьдрал бол үнэхээр Бурхантай уулзахаар бэлтгэх үе гэдгийг мөн нас барагсдыг аврах нь бидний бэлтгэлийн бас нэгэн чухал хэсэг гэдгийг мэдэж авлаа.”  

Б.Уламбаяр: “Анх удаа ариун сүмд орж үзлээ. Нөхөр маань 6 жилийн өмнө нас барсан бөгөөд түүнийхээ авралын ёслолуудыг хийлгэж, мөнхөд холбуулсан. Энэхүү ёслолуудыг гүйцэлдүүлж байхдаа түүнтэйгээ дахин уулзна гэдгийг мэдрээд их баярласан даа. 2017 онд гэр бүлээрээ дахин ариун сүм явах зорилго тавьсан. Монголд хурдан ариун сүм баригдаасай л гэж хүсэж, залбирч байна.”

Н.Хишигдэмбэрэл: “Анх удаа ариун сүмд орлоо. Хувийн хишгээ хүртэж, гармент өмсөх болсондоо маш их баярласан ба энэхүү өмсгөл маань намайг хамгаалж байгааг мэдэрсэн. Мөн нас барсан хайрт аав, ээжийхээ авралын ёслолуудыг хийлгэх үедээ тэд маань их баярлаж байгааг мэдэрч байлаа. Их Эзэний өргөөнд Ариун Сүнсийг илүү хүчтэй мэдэрдэг болохыг анзаарсан.”

Б.Төгсжаргал: “Би анх 1996 онд Сүмийн гишүүн болсон. Ариун сүм рүү явахыг үргэлж хүсдэг байсан ч тодорхой зорилго тавьж, дорвитой хичээж байсангүй. Харин өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн манай тойргийн зөвлөл тойргийн ариун сүмийн аялал зохион байгуулах гэж байгаа тухай мэдээд бэлдэж эхэлсэн. Бурхан хүн бүрд ариун сүмд орох цагийг нь бэлтгэсэн байдаг гэдгийг мэдэж авсан. Анх ариун сүмд орохдоо бага зэрэг эмээж байсан ч ёслолуудаа хүлээн авснаар Ариун сүнсээр дүүрч, тайтгарсан. Хайрт ээжийнхээ ёслолуудыг гүйцэлдүүлэх явцдаа бид Бурхан Эцэгтээ эргэн очиж, Түүнтэй мөнхөд хамт амьдрах болно гэдгийг илүү хүчтэй мэдэрсэн.”