Гэр бүл

Гэр бүл

Азийн бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн захиас

Гэр бүл

Гэр бүл

Ахлагч Леонард Вүү

Би өдөр болгон хичээлээсээ гэртээ ирээд, урд хаалган дээрээ 'Ээж ээ?' хэмээн хашхирдаг байлаа. Ээжийнхээ хариулах дууг сонсоход л миний бяцхан зүрхэнд итгэл найдвар төрж, тайвширдаг байв. Би сургуульдаа явах, тоглох гэж гарах болгондоо ингэж хашхирдаг байсан юм. Ээжийнхээ дуу хоолойг сонсож, түүнийг гэрийн хаа нэгтээ байгаа гэдгийг мэдэх нь надад тайвшрах нөлөө үзүүлэн, бүх зүйл сайн байгаа гэсэн утгыг агуулж байлаа. Өдөр тутмын ийм хэвшил миний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, хожим амьдралдаа тулгарсан олон сорилт бэрхшээлийг зохицуулахад минь тусалж билээ.

Аавын мужааны багахан орлогоос шалтгаалахгүйгээр эцэг эх маань арван хүүхэд төрүүлж өсгөсөн юм. Заримдаа сайн санаат хамаатнууд маань тэднийг тарчигхан орлоготойгоо мэдсээр байж ийм олон хүүхэдтэй болсонд гайхширдаг байв. Ээж минь тэгэхэд нь 'Tian sheng tian yang' гэсэн энгийн нэг хариулт өгдөгсөн. Энэ хятад зүйр үг нь “Хуваалцах итгэлтэй нэгэнд бүхий л хүүхдээ тэжээхэд нь тэнгэр тусалдаг” гэсэн утгатай. Энэ бол албан ёсны боловсрол эзэмшээгүй, сайн мэдээний тухай ойлголт ч байхгүй нэгэн эмэгтэйн Бурханд итгэх итгэлийн талаар хэлсэн цэцэн цэлмэг үг байлаа. 

Эргэн дурсахад би ядуу гэр бүлд өссөн ч хүүхэд нас минь ер бусын баян байжээ. Бид гэр бүлээрээ, арван хоёулаа орой бүр хоолоо хамт иддэг байсан. Бид аавын хийж өгсөн дугуй модон ширээгээ тойрч, жижигхэн модон сандал дээрээ суугаад, өдөр болсон явдлынхаа тухай хөөрөлдөн инээлддэг байж билээ. Бидэнд ресторанд хооллох мөнгө байгаагүй ч ширээн дээр дутуу байсан зүйлийг тойрон суусан бидний хөгжилтэй хөхүүн яриа нөхдөг байжээ. Энэ бол миний даруухан бөгөөд аз жаргалтай гэр бүлийн минь тухай нандин дурсамж юм.

“Гэр бүл Бурханаас заяагддаг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэр бүл болох нь Түүний хүүхдүүдийн мөнхийн хувь заяаны төлөөх Бүтээгчийн мөнхийн төлөвлөгөөний гол цөм юм.” Хорин жилийн өмнө Солт Лэйк хотод Халамжийн нийгэмлэгийн нэгдсэн хуралдаан дээр эгч нарт хандан “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг уншиж танилцуулахдаа ерөнхийлөгч Гордон Б.Хинкли үүнийг болоод өөр бусад тэнгэрлэг зарчмыг заасан юм.1

Бошиглогч, үзмэрч, илчлэгч хэмээн бидний дэмжин баталдаг Тэргүүн Зөвлөл, Арванхоёр Төлөөлөгчийн чуулгад түлхүүр, хүч өгөгдсөн бөгөөд урьд өмнө дэлгэгдээгүй нийгмийн чиг хандлагыг ялангуяа гэрлэлт, гэр бүлд муугаар нөлөөлөх хандлагыг урьдчилан харах чадвар тэдэнд байдаг. Тэд энэхүү бошиглол бүхий тунхгийг нийгэм дэх сүйрүүлэх нөлөөтэй олон хандлагын талаар сэрэмжлүүлэх зорилгоор бий болгожээ. Тэдгээр хандлага нь аз жаргалтай, амжилттай гэр бүлүүдийг бий болгодог олон чухал зүйлийг устгах дайсны далд аргаар өөгшүүлэгддэг.

Хорин жилийн өмнө одоогийн болж буй үйл явдлыг дагаж байгаа хэн ч гэр бүлүүдийг бүхий л талаас нь дайрдаг “хуй салхин дахь дайралт,”2 “хортны уруу таталтууд”3-ыг маш их өсөж байгааг ажиглах байсан биз ээ. Эдгээр “дайралт”, “уруу таталтуудын” жагсаалт ижил хүйстэндээ сэтгэл татагдах, гэрлэхээсээ өмнө хамтран амьдрах, порнограф, гэр бүл салалт, үр хөндүүлэх, гэрлэсэн хосууд хүүхэдтэй болох асуудал дээр наазгай хандах, эхнэр/нөхөр, хүүхдийн хүчирхийлэл, гэрлэсэн хүмүүсийн үргүйдэл, эцэг эхийн үүрэг хариуцлагыг үл ойшоох гэх мэт асуудлаар уртаас урт үргэлжилнэ. Гэр бүлүүдэд нөлөөлж байгаа эдгээр асуудал, нөхцөл байдал хорин жилийн өмнөхөөс илүү түвэгтэй болж байгаа нь эргэлзээгүй.

Гэр бүлийн тунхаг хэзээ ч сургаалын диссертаци, хэлэлцүүлгийн баримт болох зорилготой байгаагүй юм. Үүний зайлшгүй зорилго бол гэрлэлт, гэр бүлийг хамгаалах арга замаар бидэнд заах, сэрэмжлүүлэх, сүнслэг өдөөлт өгөхөд оршино.“Хуй салхин дахь дайралт,” “хортны уруу таталтууд”-ын эсрэг гэр бүлүүдийг хамгаалах, бошиглогчдын олонтоо давтдаг гэр бүлдээ хийж хэвших гурван зүйлийн талаар би хуваалцахыг хүсэж байна. Aлма хүү Хиламандаа “энгийн зүйлүүдээр агуу зүйлүүд улиран авчрагддаггийг”4 заасан бөгөөд эдгээр энгийн хэвших зүйлс нь гэр бүлийн гишүүдийн аврал, өргөмжлөлийг авчрахад тусалж чадна: 

1. Хувиараа болон гэр бүлээрээ залбирах

Хувиараа болон гэр бүлээрээ залбирах

Эцэг эхчүүдийн үр хүүхдүүддээ бэлэглэж чадах хамгийн үнэ цэнэтэй бэлэг бол залбирахыг заах явдал юм. Энэхүү сайн гэгчийн хөгжүүлсэн ганцхан хэвшлээс илүү таны хүүхдийг хамгаалах, адислах зүйл гэж үгүй. Энэ амин чухал дадал таны хүүхдийг тэнгэрлэг хийгээд эцэс төгсгөлгүй амьдралын шугаманд холбож өгдөг. Олон хүүхэд энэ амин чухал дадлыг хөгжүүлэхгүйгээр насанд хүрч байгаа нь Сүмийг айхавтар санаа зовоход хүргэж байна. Түүнээс гадна бид гэр бүлээрээ залбирах хэрэгтэй. Бид хүүхдүүддээ энгийн хэлээр, Бурханд итгэх итгэлээр Түүнд бүрэн найддагаа харуулж байгаагаа байнга сонсгож байх хэрэгтэй.

2. Хувиараа болон гэр бүлээрээ судар унших

Хувиараа болон гэр бүлээрээ судар унших

Амьдралын модны тухай Лихайн зүүдэнд төмөр бариулаас барьж чадаагүй хэн ч үнэт үр жимснээс хүртэхийн тулд амьдралын модонд хүрч чадахгүй байсан.5 Төмөр бариул нь  Бурханы үгийг6 буюу судрыг төлөөлж байсныг Нифайд илчилсэн байдаг. Судар уншиж хэвших нь олон хувь хүн, гэр бүлийн хувьд хамгийн хэцүү бөгөөд хичээл зүтгэл, чармайлт шаардсан зүйлсийн нэг байдаг. Гэхдээ бүү бууж өг. Бошиглогч Иосеф Смит “Үүнийг хамгийн олон уншдаг хүн үүнд хамгийн их дуртай болдог”7 хэмээн хэлснийг санаарай. Энэ нь яг л хөгжмийн зэмсэг тоглохтой адил. Гарамгай сайн болохын тулд олон цагаар дадлага хийснийхээ дараа л та үнэхээр тэр хөгжимдөө дуртай болно. Түүнчлэн гэр бүлийн гишүүд бүгд хувийн сул талуудтайгаа тэмцэж байгаа үедээ ерөнхийлөгч Фаустын “судар унших нь цэвэр бус эсвэл хяналтгүй бодол санааны хамгийн сайн угаалгын машин байдаг гэдэгт би итгэдэг”8 гэж зөвлөснийг анхааралдаа авбал ухаалаг хэрэг байх болно. 

3. Гэр бүлийн үдэш

Гэр бүлийн үдэш

Эхнэр бид хоёр даваа гараг болгон гэр бүлийн үдэш хийхдээ тэр бүр амжилттай байдаггүй байсан юм. Гэхдээ гэр бүлийн үдшийг ихэнхдээ баяр хөөртэй болгож өгдөг эхнэрээ би магтах ёстой.Тэрээр долоо хоног бүр гучин минутын туршид эрх чөлөөгүй үзэгчидтэй байдаг байсан болохоор энэ хугацааг долоо хоногийн үеэр ажигласан буруу зөрүү зүйлийн талаар гэр бүлдээ заах цаг болгон үр бүтээлтэй ашигладаг байв. Төгсгөлд нь мэдээж кремтэй бялуугаа идэх хүсэн хүлээсэн цаг хугацаа байдаг байлаа.

Бид нэг удаа амжилтын хэмжүүрийг анзаарсан юм. Охин Валери маань Хүүхдийн хэсгийн багшдаа өөрийнхөө хамгийн дуртай өдрийг даваа гараг байдаг, учир нь бид гэр бүлийн үдэш хийдэг болохоор гэж хэлсэн байжээ. Сургуулийн ихэнх охид даваа гарагт дургүй байхад энэ бол энгийн нэг хариулт биш юм. Бид түүний ингэж хэлснээс зориг орон, урамшиж билээ.

2002 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Гордон Б.Хинкли гэр бүлдээ амжилттай байхын ач холбогдлын талаар тодруулан, “Биднийг Бурханы тавцны өмнө зогсож байхад амьдралдаа хэр их баялаг хуримтлуулсан эсвэл хэр өндөр хүрсэн талаар тун бага зүйлс дурсагдах болно гэдэгт би итгэлтэй байна. Гэхдээ бидний гэр орны харилцааны талаар нэвт шувт асуултууд тавигдах болно. Тэгээд хань, үр хүүхдүүддээ хайр, хүндэтгэл, талархалтай байх амьдралаар алхсан хүмүүс л бидний мөнхийн шүүгчээс “Сайн байна, итгэмжит сайн боол минь ... Эзнийхээ баяр баясгаланд ор” хэмээх үгсийг хүлээн авах болно (Матай 25:21)9 хэмээн хэлжээ.

Гэр бүл нийгмийн үндсэн нэгж бөгөөд “гэр бүлд дэх бүтэлгүйтлийг ямар ч амжилт нөхдөггүй.”10Аз жаргалтай, амжилттай гэр бүлд хэрэгтэй жорын бүхий л орц энэхүү тунхагт байдаг. Эцэг эхийн маань олон хүүхэдтэй байна гэсэн зориг, ээжийн маань ажил хийлгүй гэртээ байх гэсэн шийдвэр, гэр бүлээрээ орой бүр хамтдаа хооллох хэвшил энэ бүгд тунхагт заасан орцын жишээнүүд юм. Хэрэв хүмүүс “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”11-т сүнслэгээр өгөгдсөн олон тэнгэрлэг зарчмыг судалж, тунгаан бодон, дагавал агуу адислалууд урсан ирэх бөгөөд сорилт саадын эсрэг гэр бүлүүд хүчирхэгжин бэхжих болно гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.  

ЭШЛЭЛҮҮД

1.“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,”Лиахона эсвэл Ensign, 2010 оны 11-р сар,129-ийг үзнэ үү.

Лиахона эсвэл Ensign

2. Хиламан 5:12-ыг үзнэ үү.

3. 1 Нифай 15:24-ийг үзнэ үү.

4. Aлма 37:6.

5. 1 Нифай 8:19.

6. 1 Нифай 11:25-ыг үзнэ үү.

7. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 66; мөн History of the Church, 2:14-ийг үзнэ үү.

History of the Church,

8. Жэймс И.Фауст,“The Power of Self-Mastery,” April 2000 General Conference,  lds.org/general-conference/2000/04/the-power-of-self-mastery.

9. Гордон Б.Хинкли, “Personal Worthiness to Exercise the Priesthood,”Ensign, May 2002, 54.

Ensign

10. J.E. McCulloch, Home: The Savior of Civilization(1924), 42; see also lds.org/media-library/video/2012-05-0907=teachings-of-david-o-mckay-the-importance-of-a-strong-family.

Home: The Savior of Civilization

11. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Лиахона эсвэл Ensign, 2010 оны 11-р сар,129.

Лиахона эсвэл Ensign